ШӨХТГ: Зохиомлоор үүсгэсэн эрэлт дээр тулгуурлан үнэ нэмэх үндэслэл байхгүй

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-01-28 16:21:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урд хөршид шинэ коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгаа өвчлөл дэлгэрсэнтэй холбоотойгоор манай улсад бараа, бүтээгдэхүүн болон амны хаалтны эрэлт ихсэж байна. Үүнтэй холбоотой хангамж хүрэлцээ, үнэ ханшийн талаар бид өнөөдөр сурвалжиллаа. 


Өглөөний 09.30 цагийн үед "Тавин ус" эмийн сангийн салбаруудад дугаарласан хүмүүс олон байв. Тус аптек нэг удаагийн "цэнхэр" амны хаалтыг 200 төгрөгөөр худалдаж байна. Нэг хүнд 5 ширхгээс илүү худалдахгүй гэсэн бичиг өлгөсөн байлаа. "Амны хаалтын нөөц хангалттай бий. Учир нь манай компани амны хаалт үйлдвэрлэдэг" гэсэн хариуг менежер бүсгүй нь өгч байв. Гэтэл яг ийм амны хаалтыг бусад эмийн санд 500-600 төгрөгөөр худалдаж байна. 

Байдлаас харахад иргэд хамгийн ойр оршдог болон замд таарсан эмийн сангуудаас амны хаалт авч байна. Үүнтэй холбоотойгоор хүн ихтэй хөлийн газар байрладаг зарим эмийн сангуудад амны хаалт дууссан байхад, 100-200 метрт орших өөр эмийн санд худалдаж байх жишээний. Мөн эрэлттэй холбоотойгоор хүнсний зарим дэлгүүр амны хаалт худалдаж байна. 

Бид Чингэлтэй дүүргийн 10-р хороонд буюу 7 буудлын зам дагуу байрладаг "Уянга" дэлгүүрээр ороход амны хаалт  өлгөөстэй байлаа. Үнийг нь асуувал импортын, шүүлтүүргүй, олон удаагийн амны хаалт 2000, шүүлтүүртэй нь 5000 төгрөг, хүүхдийнх 4000 төгрөг гэж байв. Эрэлт үүссэнтэй холбоотойгоор хүнс, барааны дэлгүүрүүд эмийн сангаас амны хаалтыг бөөнөөр нь худалдан авч үнэ нэмэн зарж байгаа гэсэн яриа гарчээ. 

Энэ талаар худалдагч бүсгүйгээс лавлавал, "Эмийн сангууд тодорхой хэмжээгээр хязгаарлалттай худалдаж буй учир тийм боломж байхгүй. Ийм байдал гарах ч үгүй. Бид импортын амны хаалтыг худалдаачдаас бөөний үнээр авч байна. Дотоодын үйлдвэрийн амны хаалтын хувьд манай улсад 2-3 үйлдвэр ажиллаж эмийн сангуудыг хангаж байгаа. Ийм нөхцөлд хүнсний дэлгүүрүүд эмийн сангуудаас амны хаалт бөөндөх  шалтгаан байхгүй" гэв. 


Иргэдийн хэлж буйгаар хүмүүс оршин суугаа газрынхаа ойролцоох худалдааны төвүүдээс гурил, будаа, гоймон зэрэг барааг бөөнөөр нь авах байдал ажиглагдсан хэвээр байна. Энэ нь нэг талаар Сар шинийн баяр дөхсөнийх, хоёрт, шинэ вирустэй холбоотойгоор бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэж болгоомжилсонтой холбоотой байна. 

Гэхдээ хувийн дэлгүүр, супермаркет болон худалдааны томоохон төвүүдэд бараа, бүтээгдэхүүний үнэ албан ёсоор нэмэгдээгүй байна. Зохиомлоор үүсгэсэн эрэлт дээр тулгуурлан үнэ нэмэх үндэслэл болон шаардлага, шалтгаан байхгүй гэдгийг ШӨХТГ болон хотын захиргаанаас мэдэгдэж байна. 

  • Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 зүйлийн 34.2.9.-т "Гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх", 
  • Өрсөлдөөний тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 -т "Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах" , 7.1.2 -т
  •  "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох" -ыг хориглосон байдаг.


Үнийг зохиомлоор хөөрөгдсөн ААН, дэлгүүр хоршоо, худалдааны төвийн талаар ШӨХТГ-ын шуурхай албаны гомдол хүсэлт хүлээн авах 1800-1284 дугаарын утас болон Цэвэр өрсөлдөөнийг дэмжих нийгэмлэг, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны 9515-5201 дугаарын утсаар мэдээлэхийг албаныхан сануулж байна. 


Өнөөдөр, нэгдүгээр сарын 28-ны байдлаар:

Нийслэлд томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэрийг гаргаагүй учир "Нарантуул", "Хархорин" зэрэг худалдааны томоохон захууд хэвийн ажиллаж байна. 


Нийслэлийн "Хүчит шонхор" зах руу автомашины  хөдөлгөөн их, зах дээр худалдан авагч иргэд их байв. Бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийн хувьд хувийн дэлгүүр, супермаркетуудад үнэ оны эхэн үеийнхээс өсөөгүй хэвээр байна. Харин махны үнийн тухайд үхэр, хонины махны  жижиглэнгийн худалдааны үнэ кг тутамд 300-500 төгрөгөөр нэмэгдэж, 2-3 өдрийн өмнө кг нь 6800 төгрөг байсан хонины махны үнэ 7900 төгрөг болсон байв. 


"Малчин лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр нэгдүгээр сарын 28 буюу өнөөдрийн байдлаар "Хүчит шонхор" зах дээр: 

  • үхрийн мах бөөний үнээр 6500-8400 төгрөг, жижиглэнгийн үнээр 9000-12.000 төгрөг,
  • хонины мах бөөний үнээр 5500-6800 төгрөг, жижиглэнгийн үнээр 7500-7900 төгрөг, 
  • ямааны мах бөөний үнэ 5000-5700 төгрөг, жижиглэнгийн үнэ 6900-7900 төгрөгийн үнэтэй байна. 

Манай улс хүнсний ногоо, гурил, нарийн боов, сүү, махаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь бүрэн хангах боломжтой тул хүнсний бараа, бүтээгдэхүүний хомсдолд орохгүй гэдгийг салбарын яам ХХААХҮЯ болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдэгдэж байна. ХХААХҮЯ-ны мэдээгээр улсын хэмжээнд 158 хоногийн гурилын нөөцтэй бол 15 мянган тонн мах нөөцөд байна. 

Б.Болд

Гэрэл ургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ