Зориулалтын бус хуванцар савыг хүнсэнд хэрэглэхийг хоригложээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2020-01-28 16:42:39
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын захирамжаар хүнсний худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, сургууль, цэцэрлэг, дотуур байр, айл өрхүүдэд хэрэглэж байгаа хүний эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөөтэй нь тогтоогдсон зориулалтын бус хуванцар савыг хүнсэнд хэрэглэхийг хориглох шийдвэр гаргажээ.

Зориулалтын бус хуванцар савны олдоц их, үнэ хямд байдаг учраас хэрэглээ их байгаа юм. Тодруулбал, ундны ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд зориулалтын бус савыг өргөнөөр хэрэглэж байна.

Дундговь аймгийн төв, Мандалговь хотын 9000 гаруй айл өрх ус түгээх 16 газраас ундны болон хэрэглээний усаа зөөж авдаг. Тэдний дийлэнх нь 20-60 литрийн зориулалтын бус хуванцар савыг ашиглаж байна.

Мэргэжлийн айгууллагаас хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нийт өрхийн 90 орчим хувь нь хуванцар сав хэрэглэдэг бөгөөд хүнсний бүтээгдэхүүн хадгалах зорилгоор нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг зориулалтын бус хуванцар сав ашигладаг гэсэн дүн гарчээ.

Аймгийн ЭМГ-ын мэдээлснээр өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд нас баралтын 256 тохиолдол бүртгэгдсэний 32.4 хувь нь хавдрын шалтгаанаар нас барсан байна. Энэ нь өндөр үзүүлэлт хэмээн дүгнэж байгаа юм.

Хүнсний зориулалтын бус хуванцар савны найрлагад ордог химийн бодисууд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд шилжиж, хүний биед орж хуримтлагдан олон төрлийн өвчний суурь шалтгаан болоод зогсохгүй хорт хавдар үүсгэдэг гол хүчин зүйлийн нэг ажээ.

Тиймээс Сайнцагаан сум ийнхүү хүнсний зориулалтын бус савны хэрэглээг хориглож, иргэдэд түүний хор холбогдлын талаар ойлгуулан таниулахаар төлөвлөж байгаа аж. 

Холбоотой мэдээ