З.Батжаргал: Уур амьсгалын өөрчлөлтөөс уламжлалт газар тариалан үгүй болж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-01-28 17:44:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх үүднээс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал сэтгүүлчидтэй уулзаж ярилцлаа. 

Уулзалтыг “Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо” ТББ зохион байгуулсан юм. Тус холбоо Тогтвортой хөгжлийн талаар сэтгүүлч, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх цуврал уулзалтыг эхлүүлээд байна. 

-Манай улс уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах талаар олон улсад нэгдэж, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын бодлогыг тусгасан бичиг баримт гаргаад байгаа. Гэвч энд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг манайхан тэр бүр ойлгохгүй, мэдэхгүй байх шиг. Энэ талаар та нэг үгээр хэлбэл..?

-Тогтвортой хөгжлийн гол санаа нь өнөөдөр амьдарч буй бид ирээдүйд амьдрах хүмүүсийнхээ нөөц баялгийг шавхаж, байгаль орчноо бохирдуулгүйгээр өвлүүлэн үлдээхэд оршиж буй юм. Тогтвортой хөгжил нь байгаль орчин, эдийн засаг, нийгэм гэсэн 3 тулгуураар хөгжих учиртай. Хүн төрөлхтөн өнөөдөр нөөцөө хэмнэж, ариг гамтай хэрэглэж, байгаль орноо хамгаалж байхгүй бол тун удахгүй бидэнд 2 дахь дэлхий хэрэгтэй болохоор байдалтай байгаа. 

-Манай улсад Тогтвортой хөгжлийг дэлгэрүүлэх боломж, бололцоо, оролцоо хэр байна вэ? 

-Манайд амьдралын хэрэгцээг үндсэндээ төлждөг, эргэн сэргэдэг нөөцийн хүрээнд хангах нөхцөл бүрэн байна. Харин хөгжлийн хоцрогдлоо нөхөх, зарим нэг салбараа түлхүү хөгжүүлэх, дэд бүтэц, замаа тавихдаа эрдэс баялгаа буюу  эргэн сэргэдэггүй нөөцөө ашиглаад явж чадвал Монголын хувьд энэ нь тогтвортой хөгжлийн жинхэнэ ойлголт болно. 

Тогтвортой хөгжилтэй холбоотойгоор олон улсад сүүлийн жилүүдэд байгалийн бүх баялгаа эргэлтэд оруулан мөнгө олж, дараа нь ядуурал зэрэг бэрхшээлээ шийдэж, байгалиа хамгаална гэж ярьж, ингэж үзэх хандлагатай байгаа. Энэ бол буруу юм гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байна. Хүн хэрэглээгээгээ өнөөдөр тоох хэрэгтэй болж байна. 

Жишээ нь, Олон улсын Уур амьсгалын ногоон санд манай улсаас 14 төсөл өгөөд байгаа. Бүгдийг хүлээж авсан. Энэ нь Монгол Улс ядуу зүдүү, чадваргүйдээ бус, Монгол Улсад Тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг хөгжүүлэх боломж байна гэдгийг харж байгаа хэрэг юм. 


Зураг дээр: Дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн  эсрэг ямар ч зүйл хийхгүй, энэ чигээрээ байвал хүлэмжийн хийн хэмжээ 60 давсан гигатоннд хүрнэ. Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн дулаарлыг цельсийн 2 хэм, болж өгвөл 1 хэмд барих шаардлагатай. 2 хэмд барья гэвэл 60 гигатонн хүлэмжийн хийгээ 40 болгож бууруулах ёстой. 1.5 хэмд барья гэвэл 20 гигатонн болгож бууруулах хэрэгтэй болжээ.


Манай улс хүлэмжийн хийг 14 хувь бууруулах зорилгыг тавьсан. Энэ нь биднээс өөрсдөөс их хамаарна. Жишээ нь, манайд ургамлын нөмрөгөө нэмэгдүүлбэл хүлэмжийн хийгээ 33-34 хувиар бууруулах боломжтой. Харин биднээс хамаарахгүй нэг аюул бол уур амьсгалын өөрчлөлт. Яагаад гэвэл, уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь агаарт ялгаруулж буй хүлэмжийн хий. Манай улсын ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээ маш бага боловч нэг хүнд, нэг бүтээгдэхүүнд оногдож байгаа хэмжээгээрээ хоёр хөрш болон дэлхийд бусад улс орноос ч дээгүүр байна. 

Энэ нь хэдийгээр оруулж байгаа хувь нэмэр бага ч ямар нэгэн үйлдэл хийхээс өөр аргагүй болж байгаа юм. Манай улсын хүлэмжийн хийн ялгарлыг 40 хувийг эрчим хүчний үйлдвэрлэл эзэлдэг, МАА түүнтэй өрсөлдөхүйц хувийг бүрдүүлж байна. Учир нь мал хивэхэд амьсгал болон ялгадсаараа их хэмжээний метан хий ялгаруулдаг.

Үүний дараа барилга, зам тээвэр харьцангуй бага хувийг эзэлж байна. Мөн ойн түймрийн гаралт, хууль бус мод огтлолоо багасгаж, эх орныхоо ургамлын нөмрөгийг нэмэгдүүлбэл хүлэмжийн хийг шингээх бололцоо бий. Ингэснээр агаар мандалд ялгаруулж буй хүлэмжийн хийг бууруулах боломжтой.

-Тогтвортой хөгжилтэй холбоотойгоор ногоон эдийн засгийн талаар бас хэлэх хэрэгтэй болж байна?

-Тиймээ, энэ нь ерөөс байгаль орчинд халгүй технологи бүхий үйлдвэрлэлийг хэлж байгаа юм. Эргээд байгальдаа уусаж амьдрах нь чухал юм. Энэ нь тухайлбал, манай улсын хувьд эрт дээр үеийг хэлээгүй. Нөхөн сэргэдэг баялгийг байгаагаар нь нөөцөлж хэрэглэж ашиглахыг хэлж байгаа юм. 

Монгол Улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод үйлдвэр хэрэглээний зохистой харьцаа, цэвэр эргэлттэй эдийн засаг, хаягдалгүй технологийг ашиглах гэсэн том зорилтуудыг тусгасан. Сонирхолтой нь энэ бүхэн Монголын уламжлалт ахуйд бүгд байсан. Хаягдалгүй технологийн үр дүнд хог хаягдал гэж байгаагүй, байлаа ч байгальд буцаад задардаг байгалийн гаралтай эд зүйлс байсан.

-Уур амьсгал өөрчлөгдөж буйтэй холбоотойгоор мөнх цэвдэгүүд хайлж, үүний нөлөөгөөр манай улсын усны нөөцийн 50 хувь үгүй болж байна гэсэн мэдээлэл байна. Үүнийг тодруулна уу? 

-Та бүхэн анзаарсан бол Улаанбаатарын эргэн тойрон дахь уулаар явахад хус мод хатаад уначихсан байгаа. Гэтэл хажууд нь бургас бут зэрэг нь байж л байна. Энэ нь мөстлөгтэй буюу мөнх цэвдэгтэй хөрстэй холбоотой. Тодруулж хэлбэл, борооны жаахан ус доошоогоо хөрс рүүгээ сайн шингэхгүй байна. Доороо болохоор мөстлөг нь доошоогоо хайлж суугаад хус шим тэжээлгүй болж байна гэсэн үг. Нэг ёсондоо гүехэн үеэс тэжээл авдаг ургамлууд нь үхээд, арай жаахан үетэй бут сөөг нь үлдэж байна. 

Мөн мөстлөгөөс хамаарч уламжлалт, байгалийн усалгаат газар тариалан алга болж байна. Ингэж хэлэхээр хүмүүс өнөөдрийн техник, технологи хөгжсөн нөхцөл уламжлалт аж ахуй хэрэгтэй гэж үү гэж асуух байх. Тийм биш. Уламжлал газар тариалан хэзээ ч ургац алддаггүй, тогтмол ургац авч байдаг давуу талтай юм. Тэр үе өнгөрч байна. Тэгэхээр бид, хүн төрөлхтөн ийм байдлыг тогтворжуулахын төлөө зүтгэх учиртай юм. 

Б.Болд




Холбоотой мэдээ