Худалдаа, үйлчилгээний газрын цагийн хуваарьт өөрчлөлт оруулав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-28 21:00:22

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс нэгдүгээр сарын 28-ны өдөр хуралдлаа.

Ховд аймаг нь БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешкен боомттой хиллэдэг учраас шинэ төрлийн коронавирусний халдвар тархах эрсдэл өндөр аж.

Тиймээс хурлын үйл ажиллагаа шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Улсын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагаас өгсөн үүрэг чиглэл, зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллах, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэж байв.

Тус хурлын үеэр аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн удирдлагууд болзошгүй эрсдэлээс сэргийлэх цаг үеийн ажлыг танилцуулсан. Улмаар аймгийн Онцгой комиссын гишүүдийн санал хүсэлтийн дагуу 10 гаруй заалт бүхий шийдвэр гаргасан юм.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр өнөөдөр 14:00 цаг орчимд Ховд аймгийн Булган сумын “Ярантын боомт”-оор БНХАУ-ын ШУӨЗО-оос Монгол Улсын 2 иргэн орж ирсэн.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тэднийг коронавирусний халдварын нууц үе нь өнгөртөл буюу 7-14 хоногийн хугацаанд тухайн боомт дээр тусгаарлах шийдвэр гаргав.

Мөн Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайгаас БНХАУ руу нүүрс тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг ариутган халдваргүйжүүлэхээс гадна  жолооч нарт  урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч ажиллахаар болсон юм.   

Түүнчлэн амны хаалт, ариутгалын бодисны нөөц бүрдүүлэх, шашны байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох, худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж 10:00-22:00 хүртэл ажиллуулах, БНХАУ-д суралцаж буй Ховд аймгийн харьяат оюутнуудын судалгаа хийх, хилийн боомтын урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах зэрэг хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахаар болов.    

Түүнчлэн агаарын болон орон нутгийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдийн бүртгэл судалгаа гаргаж, тогтмол эрүүл мэндийн үзлэг шалгалт зохион байгуулах бөгөөд зах, томоохон худалдааны төвд худалдаалж буй мах, хүнсний ногоо, жимс жимсгэний гарал үүсэлд хяналт шалгалт хийх шаардлагатай гэж онцоллоо.

ДЭМБ-аас хамгийн сүүлд буюу 1 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагийн байдлаар гаргасан дүн мэдээгээр коронавирусийн халдвар авсан хүний тоо 4474 хүрсэн байна. Үүнээс 106 нь нас барж, 63 нь эмчилгээ хийлгэж эдгэрчээ.

Монгол Улсад тус вирусний халдвар бүртгэгдээгүй байгаа гэнэ. 

 

 

 

 

Холбоотой мэдээ