Говь-Алтай аймгийн гадаад харилцаа өргөжиж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-01-28 21:06:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалтай албан ёсны уулзалт хийлээ.


Уулзалтаар Говь-Алтай аймагт хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны талаар харилцан санал солилцов. Засаг дарга В.Рэнцэндорж Элчин сайд А.Язал болон Туркийн ард түмэнд талархал илэрхийлээд, сүүлийн жилүүдэд ТИКА /Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг/-ийн хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэгээр Говь-Алтай аймагт хийсэн бүтээн байгуулалтууд үр дүнтэй байсныг онцолсон юм. Мөн цаашид алслагдсан аймаг, сумдад байгаа багш, эмч нарыг БНТУ-д сургах, мэргэшүүлэх, эмнэлгийн болон сургууль, сургалтын чанар, түвшнийг улам дээшлүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Говь-Алтай аймгийг хөгжүүлэхэд уул уурхай, ашигт малтмалын салбараас илүүтэй гар урлал, уран дархан, мужаан, чулуун сийлбэрийг хөгжүүлэхэд БНТУ-аас сургагч багш авах, богино болон дунд хугацаанд сургалт зохион байгуулах, бизнес эрхлэгчдийг холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллах боломжтой талаар санал нэгдлээ.

Элчин сайд А.Язал хариу талархал дэвшүүлээд БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт Говь-Алтай аймгийн ЕБС-ийн сурагчдыг ирэх хоёрдугаар сарын 20-ны өдрөөс өмнө бүртгүүлж, тэнцсэн тохиолдолд 100 хувь тэтгэлэгтэй суралцах нөхцөл боломж нээлттэй буйг илэрхийлсэн юм. Тэрээр энэ онд болох Говь-Алтай аймгийн түүхт 80 жилийн ойн үйл ажиллагаанд оролцохоо илэрхийллээ.

Холбоотой мэдээ