Ноён уул орчмын газрын асуудлын хүрээнд тайлбар өглөө

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-01-29 10:30:00

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Ноён уул орчмын газрын асуудлын хүрээнд сүүлийн өдрүүдэд цахим орчинд гарч буй мэдээлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг өгч байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т заасны дагуу УИХ-ын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 13 дугаар тогтоолоор Мандал сумын нутаг дахь Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 6-д заасныг үндэслэн Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоол гарган дээрх газрын хил заагийг нийт 11187.5 га байхаар тогтоосон.

Гэтэл Байгаль орчны сайдаас 2019 оны 08 сарын 30-ны өдрийн 01/6015 тоот албан бичгээр Ноён уул орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын ангиллыг ахиулан, хил заагийг өргөтгөх асуудлыг баг, сум, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн санал ирүүлэх үүрэг чиглэл өгсний дагуу уг асуудлыг Ноён уул орчмын нутаг дэвсгэрт хамаардаг Мандал сумын 4, 5 дугаар багийн ИНХ болон тус сумын ИТХ-аар хэлэлцүүлж саналыг авахад багийн иргэд болон Хурлын төлөөлөгчдийн олонх нь тус газрын хамгаалалтын ангилал дэглэмийг ахиулан хил заагийг өргөтгөснөөр тухайн бүс нутагт өвөлжөө, хаваржаа, бэлчээр хадлан, тариалангийн талбай ашиглах, эзэмших, ойн дагалт баялгийг ашиглах зэрэг үйл ажиллагаа хязгаарлагдаж иргэд, малчдын ахуй амьдралд сөргөөр нөлөөлнө гэж үзэн Ноён уул орчмын Улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газрын ангиллыг ахиулахгүй, мөн байгалийн нөөц газрын хил заагийн хэмжээг Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолд заасан хэмжээнд \11187.5 га\ хэвээр үлдээх тогтоолуудыг тус тус ирүүлсэн. Дээрх асуудлыг хэлэлцэхэд Мандал сумын 4 дүгээр багийн ИНХ-д нийт 235 иргэн, 5-р багийн ИНХ-д 144 иргэн тус тус оролцсон байна.
Иймд Ноён уул орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын ангиллыг ахиулан, хил заагийг өргөтгөх асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн баг, сумын Хурлын байгууллагаас дэмжээгүй тул аймгийн ИТХ нь ард иргэдийг төлөөлөх байгууллагын хувьд тухайн нутаг дэвсгэрийн Хурлын байгууллагуудаас олонх нь дэмжээгүй асуудлаар санал боловсруулж Засгийн газар болон БОАЖЯ-нд санал хүргүүлэх боломжгүй юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.2-т “Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байх тул УИХ, Засгийн газрын дээрх шийдвэрүүд гарснаар тус газарт алт олборлох үйл ажиллагаа явуулахыг хориглосон болно.

 

 

Холбоотой мэдээ