Ё.Баатарбилэг: Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт цаг хугацаандаа эхэлнэ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-01-29 11:48:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цэцэрлэг, сургуулийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан БСШУСЯ-наас өнөөдөр мэдээллээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, "Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт цаг хугацаандаа эхэлнэ. Хичээл сургалтын үйл ажиллагаа түр завсарлаж буйгаас үүдэн зуны амралтыг хойшлуулахгүй. Гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоног болгон багасгана. ЕБС-иуд 3, 4 дүгээр улирлын хичээлийн үед таван долоо хоногийн бямба гарагт хичээллэнэ. Үүнтэй холбогдуулан багш нарт илүү цагийн мөнгө тооцож олгоно. Энэ хугацаанд 18 телевизийн сувгаар теле хичээл заана. Түүнчлэн теле хичээлийг нөхөж үзэх боломжтой болгосон. Телевизээр зааж байгаа хичээлийг бататган утсаар, имэйлээр харилцан ажиллах чиглэлийг багш нарт өгч байгаа. Энэ хугацаанд багш нарын цалинг бүтэн, нэмэгдэл, урамшуулалтай олгоно, харин илүү цаг тооцохгүй. Цэцэрлэг, сургуулиудын хувьсах зардлыг олгох боловч хоолны мөнгийг олгохгүй. Цахимаар харилцахдаа багш нар фэйсбүүкээр биш пэйж хуудас, имэйл хаяг, хувийн чат түшиглэсэн групп үүсгэх ёстой гэдгийг анхааруулж байгаа. Онцгой анхааруулж хэлэхэд хөл хорио тогтоосон болохоос сурагчдын амралт биш. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ дагуулж олон нийтийн газар, амралт зугаалгад явахгүй байх, гэрийн нөхцөлд хичээл сурлагад нь анхаарах ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээв

Холбоотой мэдээ