Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-29 11:52:58

Ховд /МОНЦАМЭ/. Ховд хотын түүхт 335 жил, Геодези зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баяр энэ онд тохиож буй.

Тус ойг угтан шинэлэг, бүтээлч ажил өрнүүлэх зорилгоор Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Жаргалант сумын ЗДТГ-тай  хамтран ажиллахаар болж  “Ажлын төлөвлөгөө” боловсруулан гаргажээ.

Энэхүү ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, харилцан санал солилцох зорилго бүхий уулзалт энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Жаргалант сумын ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.

Уулзалтад Ховд аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд, сумын Засаг дарга С.Гантөмөр болон бусад удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл 20 гаруй хүн оролцов.

Энэ үеэр талууд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөнийхөө талаар нээлттэй ярилцсан бөгөөд 20 гаруй заалт бүхий ажлыг үе шаттай хамтран хэрэгжүүлэхээр баталлаа.

Тус ажлын төлөвлөгөөнд хот байгуулалтын мэдээллийн санг үүсгэн баяжилтыг тогтмол хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам талбай, орц, гарц бий болгох, Жаргалант сумын хэмжээнд барьж буй барилга байгууламжийн тохижилтыг стандарт, норм дүрмийн дагуу гүйцэтгэхэд анхаарах, техникийн хяналтыг барилгын ажлын үе шат бүрт хамтран зохион байгуулах талаар тусгажээ.

Мөн “Хот төлөвлөлтийн музей”, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Ховд аймгийн инженерүүдийн зөвлөгөөн хийх, Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан инженерийн шугам сүлжээ, гудамж, зам талбайг чөлөөлөх, ногоон байгууламж, тохижилтыг сайжруулах, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах зэрэг хэд хэдэн томоохон ажлыг хамтын оролцоотойгоор гүйцэтгэх аж.

Улмаар талууд мэдээлэл солилцох уулзалтыг сар бүр зохион байгуулж, төлөвлөгөөнд тусгасан ажлын явцыг дүгнэн хэлэлцэх юм.

Эдгээр ажлын үр дүнд иргэд Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар мэдээлэлтэй болно. Цаашлаад хотын өнгө үзэмж сайжрах, агаар орчны бохирдол буурах, иргэд ая тухтай, эрүүл орчинд амьдрах боломж бүрдэх давуу талтай гэж албаныхан онцоллоо. Төлөвлөгөөнд тусгасан ажлыг нэг жилийн хугацаанд гүйцэтгэх аж.  

Холбоотой мэдээ