Монгол, Сингапурын парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-29 11:33:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын Дэд дарга Чарльз Чонгтой  тус улсын Парламентын ордонд уулзав.


Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, ойн хүрээнд хоёр талын харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, хамтран ажиллах шинэ боломжуудыг нээх нь чухал гэж үзэж байгааг онцлов.


Тэрбээр Монгол Улс нь байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцөөр дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг бөгөөд газар зүйн хувьд Ази, Европыг холбосон “төв” зангилаа юм. БНХАУ, ОХУ, Монгол Улсыг холбосон эдийн засгийн коридорыг байгуулаад байна. Газар зүйн энэ таатай байдлаа ашиглан, уул уурхайн салбараа “зөв” хөгжүүлэх, эдийн засгаа солонгоруулах, техник, технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого баримталж байна. Монгол Улс нь байгалийн нөөцөөр баян ч, далайд гарцгүй улс. Харин Сингапур Улс байгалийн баялаг багатай ч, далайд гарцтай өндөр хөгжилтэй улс. Тиймээс манай хоёр улс давуу талаа харилцан ашигтай байдлаар ашиглан хорших боломжтой хэмээн үзэж байна гэлээ. Түүнчлэн Сингапур Улсын “Темасек” олон улсын сан, Сингапурын техникийн хамтын ажиллагааны хөтөлбөртэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.


Ноён Чарльз Чонг уул уурхай, мэдээлэл технологи, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх гээд олон салбарт хамтран ажиллах боломжтой. Бүгд Найрамдах Сингапур Улсын хувьд найрсаг харилцаат Монгол Улстай мэдлэг, туршлага, чадвараасаа хуваалцахад ямагт нээлттэй байна. Түүнчлэн Монгол Улсаас дээд, өндөр түвшний болон УИХ-ын гишүүдийн айлчлалыг хүлээн авахад бэлэн байна гэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны дээд, өндөр түвшний айлчлалын давтамж нэмэгдэж, Монгол Улс 2016 онд АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн Монгол Улсад айлчилсан. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сингапур Улсад айлчлахаар төлөвлөж байна. Дээд түвшний айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, ойрын ирээдүйн чиглэлийг тогтоох нь дамжиггүй. Бүгд Найрамдах Сингапур Улс нь хөгжиж буй улс орнуудын хувьд үлгэр дуурайл болсон улс юм хэмээн онцоллоо.


Тэрбээр хоёр орны парламент, гишүүд, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндсөний зэрэгцээ Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын дарга Тан Чуан Жин болон ноён Чарльз Чонгийг парламентын гишүүдийн хамт боломжтой цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.


Ноён Чарльз Чонг урилгыг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлээд, миний бие 2 жилийн өмнө Монгол Улсад зочлох завшаан тохиож байсан. Хугацаа богино байсан тул баялаг түүхтэй танай сайхан оронтой бүрэн танилцах боломж гараагүй. Бид Парламентын гишүүдээ Монгол Улсад айлчлахыг дэмжих болно гэв.


Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын даргын зөвлөх З.Төмөртөмөө, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадорж, Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын Тамгын газрын дэд дарга Сиов Пенг Хан, хэлтсийн дэд дарга Чен Шяо Лин болон албаны бусад хүмүүс байлцав.

Холбоотой мэдээ