Хүний эрхийг хамгаалах байгууллага Д.Трампын төлөвлөгөөг шүүмжилжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-29 16:44:26

МОСКВА. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны санал болгосон Палестин-Израилийн мөргөлдөөнийг зохицуулах санаачилга нь олон улсын эрхтэй нийцэхгүй байгаа бөгөөд Ойрхи Дорнодод энх тайван тогтооход тус болохгүй байна хэмээн хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага мэдэгджээ.


"Хэлэлцээрт тусгагдсан нутаг дэвсгэрийг солилцох зарчмын талаар бид будилах ёсгүй. Палестины нутаг дэвсгэрийг цаашид нэгтгэхийг хэлэлцээрт тусгаж байгаа нь олон улсын хүмүүнлэгийн эрхийн ноцтой зөрчил юм. Израиль хагас зуу гаруй жилийн турш палестинчуудын үндсэн эрхийг няцааж, тэднийг ялгаварлах тогтолцоог бэхжүүлсэн. Энэхүү хэлэлцээр нь  хууль бус бодлогыг дэмжиж байна гэсэн үг юм” хэмээн “Amnesty International” байгууллагын Ойрхи Дорнод, Хойд Африкийн хэлтсийн тэргүүн Филип Лютер мэдэгдсэн байна.


Түүнчлэн АНУ-ын Төрийн тэргүүний санаачилгыг няцаахыг Amnesty International” байгууллага  олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.


Зууны хэлэлцээр гэгдэх Палестин-Израилийн асуудлыг энх тайван замаар зохицуулах төлөвлөгөөний гол зүйл заалтуудын талаар Д.Трамп 1 дүгээр сарын 28-нд мэдэгдсэн юм. Эдгээр зүйл заалтад Израилийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх, зэвсэгт тэмцлээс зайлсхийхийг тусгажээ. Түүнчлэн хуваагдашгүй Иерусалимыг Израилийн нийслэл болгож, Палестины нийслэлийг “Зүүн Иерусалим” болгохыг санал болгосон  байна. 

Холбоотой мэдээ