НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт хянаж дуусна

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-29 17:21:39
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, татварын цахим үйлчилгээг өргөжүүлэх ажлын талаар Татварын Ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.


2019 онд Монголын Татварын алба улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Үүний 24 хувь буюу 1.88 их наяд төгрөгийг НӨАТ-ын орлого бүрдүүлсэн байна. 


2016 оноос татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээний НӨАТ-ын 20 хүртэлх хувийг буцаан олгох, сугалааны тохирлоор урамшуулал олгодог болсон. НӨАТ-ын урамшуулал олгож эхэлсэн анхны жил буюу 499 650 мянган хүнд 35.1 тэрбум төгрөг буцаан олгосон бол 2019 онд 796 276 хүнд 121.6 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. 


Түүнчлэн НӨАТ-ын сугалааны урамшуулалд хамрагдаж азтан болсон иргэд хуульд заасан хэмжээгээр урамшуулал авдаг. 2016 онд сугалааны урамшуулал 6.9 тэрбум төгрөг байсан бол 2019 онд 312 865 иргэнд 18.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. 


ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал: “Зарим иргэд сугалаа явуулахгүй буцаан олголтоо аваад явъя гэх санал гаргадаг. Гэтэл бүх ААН маань НӨАТ суутган төлөгч биш. Сугалаагүй болбол НӨАТ суутган төлөгч биш ААН-ээр үйлчлүүлсэн иргэд хохирно. Тиймээс Засгийн газар аль аль талынхаа эрх ашгийг бодоод сугалаа, буцаан олголт хоёроо хоёуланг нь явуулахаар шийдсэн" хэмээв.


Нэг өдөрт үүрэн телефоны операторын 346 сая төгрөгийн 8392 ширхэг баримт бүртгүүлсэн, шатахуун импортлогч компанийн 73 сая төгрөгийн 16 ширхэг баримт бүртгүүлсэн тохиолдол илэрчээ.

.

ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан:  "911 707 иргэнд 146.1 тэрбум төгрөг буцаан олгоно. Эдгээрээс 359 171 иргэний 14.9 тэрбум төгрөг хуульд заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхэд эрсдэл тооцсон. Үүнтэй холбоотой 996 иргэний 2.1 тэрбум төгрөгийг одоогоор хянаж байна. Төлөвлөж буй 140 орчим тэрбум төгрөг үндсэндээ иргэдэд буцаан олгогдоно. Харин 996 иргэний мөнгө шалгуур хангаж байвал буцаан олгох төлөвт шилжинэ, шаардлага хангахгүй бол цуцлагдана. Хууль зөрчсөн, сэжигтэй үйлдлүүд байгаа учир ТЕГ эрхийнхээ хүрээнд шалгалт хийж, эрсдэл тооцох ажлыг зохион байгуулж байна” гэв.


2016 онд НӨАТ-ын системд 595 мянган хүн бүртгүүлж байсан бол одоо идэвхтэй хэрэглэгчийн тоо 1.1 саяд хүрчээ


ТЕГ-ын Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг: “2019 онд иргэд 333 сая баримт системд бүртгүүлж буцаан олголт, сугалаанд хамрагдсан байна. И-баримт аппликейшнээр зөвхөн баримтаа бүртгүүлэхээс гадна төрийн үйлчилгээний төлбөр, авто машины татварыг төлдөг болсон. Цаашдаа системийг байнга хөгжүүлж, аюулгүй байдлыг сайжруулан ажиллаж байна. Мөн энэ жилээс улирал тутам буцаан олголт хийгдэх болсонтой холбогдуулан мэдээллийг шалгах үйл явцыг сайжруулна" хэмээлээ.


Татварын ерөнхий газраас энэ долоо хоногт багтаан НӨАТ-ын буцаан олголтын хяналтын ажлаа дуусгаад Сангийн яаманд шилжүүлэх юм. Яам хүлээн авснаас хойш хуулийн хугацаа болох 45 хоногийн дотор иргэдийн дансанд буцаан олголтыг хийх журамтай. 


Холбоотой мэдээ