Н.Бурмаа: МУИС оюутнуудыг хохироохгүй

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-01-31 16:40:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан дотуур байранд амьдардаг хөдөө орон нутгийн оюутнууд буцаж байрандаа амьдрахгүй байгаа тул энэ хугацааны төлбөрөө эргүүлэн авах боломжтой эсэх талаар МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, профессор, доктор Н.Бурмаагаас дараах мэдээллийг тодрууллаа.


-Сүүлийн өдрүүдэд цахим хэвлэлээр дотуур байрны оюутнууд хөл хорио тогтоосон хугацаанд төлбөрөө эргүүлэн авах хүсэлтээ илэрхийлж байна. Энэ талд МУИС ямар байр суурьтай байна вэ?


-Дэлхийн зарим оронд дэгдээд буй шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын эрх бүхий байгууллагаас өгсөн чиглэл удирдамжийн дагуу МУИС олон талын шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. МУИС-иас оюутнуудын эрх ашгийг хамгаалах, тэднийг хохироохгүй байх зарчим барьж ажиллах нь бидний үүрэг бөгөөд хариуцлага юм. Оюутнуудын хувьд хөдөө орон нутгаас ирээгүй эсвэл энэхүү нөхцөл байдалтай уялдан орон нутаг руу буцсан тул дотуур байранд амьдраагүй хугацааны төлбөр, санхүүгийн асуудал байгаа. МУИС-иас оюутнуудыг хохироохгүй. Оюутнуудтай тохиролцох үүднээс байрны төлбөрийг дараагийн хичээлийн жилийн сургалтын төлбөрт шилжүүлэх, Си-Си үлдээх гэх зэрэг арга хэрэглэх боломжтой. Мөн оюутны байранд амьдарч байгаад орон нутагтаа буцах ёстой болсон ч зардалгүй болсон оюутанд энэхүү мөнгийг гаргаж өгөх зохицуулалт хийж байна. Одоогийн байдлаар, “гэртээ харих гээд зардалгүй болчихлоо, мөнгөө шилжүүлж авмаар байна” гэсэн оюутны хүсэлт гараагүй байна.


-МУИС-ийн дотуур байранд хэчнээн оюутан амьдардаг вэ?


-МУИС оюутны таван дотуур байртай. Дунджаар 1500 орчим оюутан амьдардаг. Энэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан орон нутгаас ирээд байсан цөөн хэдэн оюутан буцсан.


-Тэгвэл гадаадын оюутнуудын тухайд?


-Гадаадын нийт 50-иад оюутан бий. Тэдэнд анхаарал тавьж ажиллаж байна. Өглөө бүр эмч үзлэг хийж, зөвлөгөө өгч байна. МУИС-иас онцгой байдалд шуурхай ажлын баг гарч өндөр зохион байгуулалттай ажиллаж байгаа.


-Оюутнууд амарч ирсний 7 хоногийн дараа их, дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон.  Буцаад явах онгоцны зардлын талаар асууж байсан. Үүнд хариулт өгөөч?


-Оюутны байрны төлбөрийн асуудлыг дээр тайлбарласанчлан зохицуулах шийдвэрийг даган ажиллаж байна. 

Холбоотой мэдээ