Томуу, томуу төст өвчний гаралт өнгөрсөн долоо хоногоос нэмэгджээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-02-03 13:40:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Бат-Орших томуу, томуу төст өвчний дэгдэлт, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, нөхцөл байдал, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлын талаар мэдээлэл хийж, томуу, томуу төст өвчний гаралт өнгөрсөн долоо хоногоос нэмэгдлээ гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт аймгийн хэмжээнд 3883 хүн амбулаториор, 686 хүн дуудлагаар үзүүлж, амбулаторийн үзлэгийн 29,6 хувь, дуудлагын 63,8 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа аж. Өмнөх долоо хоногийн дүн мэдээтэй харьцуулахад томуу томуу төст өвчний гаралт дөрвөн хувиар нэмэгдсэн байна.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 26 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хэдий ч 50 орчим хүүхэд хүлээн авч, бусад хүүхдийг Мэдрэлийн тасагт хэвтүүлэн эмчилж байна. Дотрын тасагт томуу, томуу төст өвчний оноштой, өвчин нь хүндэрсэн, уушигины хатгалгаатай 50 гаруй өвчтөн хэвтэн эмчүүлж байгаа ажээ.

Нэгдсэн эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй болсон тул Уламжлалт анагаах ухааны төв болон хувийн хоёр эмнэлэгт 4-5 ор гаргаж, өвчтөн хүлээн авч эхэлсэн байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг бүхий л хүчин чадал, нөөцөө дайчлан ажиллаж байгаа хэдий ч нэмэлт хүч шаардлагатай байгаа тул эмч нарынхаа ачааллыг тэнцүүлэх үүднээс Сайнцагаан сумын дөрвөн сургууль, МСҮТ-ийн эмч нарыг өрхийн эмнэлгүүд болон Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажиллуулж, ЭМГ-ын хоёр машиныг өрхийн хоёр эмнэлэг дээр дуудлагад явуулж, амралтын өдрүүдээр 103 яаралтай тусламж болон өрхийн хоёр эмнэлэг дээрээ дуудлага хүлээн авч ажиллажээ.

Хэдийгээр хорио цээрийн дэглэм тогтоож, сургууль, цэцэрлэг, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хаасан хэдий ч вирусийн гаралтай энэ өвчний дэгдэлт буурахгүй байгаа тул ханиад, томууны оргил энэ үед дархлаагаа дэмжиж, амны хаалт тогтмол зүүж, шаардлагагүй тохиолдолд гадуур сэлгүүцэхгүй байх, дулаан хувцаслах, гэр орон, байгууллага дээрээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж байх шаардлагатай байгааг ЭМГ-ын даргын зүгээс анхааруулсан юм. 

Холбоотой мэдээ