Дундговь аймгийн хүн ам 0.82 хувиар буурчээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-02-03 18:11:27
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ 2019 оны жилийн эцсийн байдлаар Дундговь аймгийн суурин хүн амын тоо урьдчилсан дүнгээр 46437 болж, өмнөх оныхоос 383 хүнээр буюу 0.82 хувиар буурсныг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Нийт хүн амын 49.7 хувийг эмэгтэйчүүд, 50.3 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. 

Хүн амын тоо буурсан шалтгааныг Статистикийн хэлтсээс тодруулахад "2019 онд Монгол Улс хүн ам, орон сууцны тооллого явуулж, энэхүү тооллогоор аймгаас гараад олон жил өөр газар амьдарч байгаа иргэдийг суурин хүн амын тооноос хасч энэхүү статистик тоог гаргасан учраас хүн амын тоо өмнөх оныхоос буурч гарсан, гэхдээ энэ бол урьдчилсан дүн юм" гэж танилцууллаа. 

15 сумаас Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрхангай сумын хүн амын тоо өссөн бол бусад сумын хувьд буурсан байна. Хамгийн олон хүн амтай Сайнцагаан сум 15 176, дараа нь Эрдэнэдалай сум 5 806, Адаацаг сум 2 812 хүн амтай байгаа бол хамгийн цөөн хүнтэй Цагаандэлгэр сум 1 017, Баянжаргалан 1 261, Говь-Угтаал 1 542 хүн амтай байна.

Насны хувьд авч үзвэл нийт хүн амын 30,4 хувийг 0-14 насны хүүхэд эзэлж байгаа бол 4,7 хувийг 65-аас дээш настай ахмадууд эзэлж байгаа аж.

Аймгийн хэмжээнд өрхийн тоо ч 14 194 болж, өмнөх оны өрхийн тооноос 669-өөр буурсан байна. Нийт өрхийн 26,2 хувь нь аймгийн төвд, 18,5 хувь нь сумын төвд, 55,2 хувь нь хөдөөд амьдарч байна.

Холбоотой мэдээ