Хилийн боомтуудад ажиллаж буй алба хаагчдад амны хаалт, термометр хүлээлгэн өглөө

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-02-03 18:10:08

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагууд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд санаачилгатай оролцож байна.

Тухайлбал тус аймгийн ХЖТ-ын хамт олон өөрсдөө даавуугаар амны хаалт хийж шаардлагатай иргэдэд өгч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ удаа "Говийн бараа" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд гар ариутгагч 108 ширхэг, даавуун амны хаалт 1000 ширхэгийг аймгийн Онцгой комисст хүлээлгэж өглөө. Аймгийн Засаг дарга тус компанийн хамт олонд талархсанаа илэрхийлж, ажлын амжилт хүссэн юм. Мөн  "Өглөөний клуб"-ын залуучууд хилийн боомтуудад ажиллаж буй хил хамгаалах байгууллагын ажилчдад өөрсдөө хийсэн амны хаалт болон термометр хүлээлгэн өгчээ.

Урд хөршид коронавирусний өвчлөл тархсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос шаардлагатай хөрөнгө мөнгө болон холбогдох шийдвэрийг цаг алдалгүй гарган ажиллаж байгаа юм. Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтуудад ажиллаж буй хил хамгаалах чиг үүрэг бүхий 4 байгууллагын алба хаагчдын дархлааг дэмжих амин дэм болон нэн шаардлагатай термометр, амны хаалт, хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисыг аймгийн Онцгой комиссоос хүргүүлэн ажиллаж байна. 



Холбоотой мэдээ