Гудамжинд нус, шүлсээ хаявал Зөрчлийн хуулиар торгоно

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-08 14:30:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж өчигдөр гаргав.


Захирамжид томуу, томуу төст өвчин болон коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газарт нус, цэр, шүлс, хогоо хаяхгүй, орчныг цэвэрхэн байлгахыг уриалжээ. Мөн нийслэл хотод ажиллаж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагууд 50 м хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэх, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгосон байна.


Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан иргэн болон дээрх шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжид Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад даалгажээ.



Холбоотой мэдээ