Коронавирусний халдварын сэжигтэй хүнийг тусгаарлажээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-02-08 21:50:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн БОЭТ-д өнөөдөр шинэ коронавирусний халдварын сэжигтэй нэг хүнийг тусгаарлажээ. 

Өнгөрөгч 1 дүгээр сарын 30-нд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгаас Замын-Үүд боомтоор хил нэвтэрч ирсэн иргэний биеийн байдал халуунтай, ханиалгах шинж тэмдэгтэйгээр хэд хоногийг өнгөрүүлсэн байна. Тэрээр 21 настай бөгөөд Шилийн гол аймагт мал маллаж байгаад ирэх замдаа Эрээн хотод хоёр хоножээ.

Өвчтөнийг аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлаад байгаа бөгөөд сорьц, шинжилгээ авч, ХӨСҮТ-д хүргүүлэн хариуг хүлээж байгаа юм. Уг иргэнтэй хамт байсан 10 гаруй хүнд тандалт судалгааг хийж, ар гэрт нь хөл хориог тогтоогоод байгаа аж. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, аймгийн Онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд аймгийн Засаг дарга Г.Ганболд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана гэдгийг мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ