Хархорин сумын сургуулийг М.Сугарын нэрэмжит болголоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-02-09 14:33:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хархорин сумын ерөнхий боловсролын математикийн гүнзгий сургалттай сургуулийг М.Сугарын нэрэмжит болголоо.

М.Сугар нь тус сургуулийг 1997 онд анх байгуулж байсан бөгөөд ашиглагдахаа байсан цэцэрлэгийн барилгыг засварлан сургалтын таатай орчин бүрдүүлж, 6 багш, 2 ажилчин, 137 сурагчтайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг эхлүүлж байв. Өнгөрсөн хугацаанд М.Сугар багшийн идэвх зүтгэлээр математикийн сургалтын чанарт эрс шинэчлэл хийж, Хархорин сумын төдийгүй бусад аймаг, сумын хүүхдүүдийн оюуны хөгжилд дорвитой хувь нэмрийг оруулж байжээ.

Үүний үр дүнд тус сургуулийн хамт олон улс, бүсийн олимпиадад тэргүүлэх амжилт үзүүлж,  алтан медаль 72, мөнгөн медаль 54-ийг авсан ба аймгийн төрөлжсөн олимпиадаас 150 аварга багш, сурагч төрөн гарсан юм. Өдгөө Хархорин сумын ерөнхий боловсролын гүнзгий сургууль нь 30 боловсон хүчин, 13 анги, бүлэг, 433 суралцагчтайгаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ