"Шийдэмгий нүүдэл" ном “Шилдэг борлуулалттай ном”-ын хоёрдугаарт эрэмбэлэгджээ

Монголын мэдээ | Боловсрол
ariunbold@montsame.mn
2020-02-10 11:37:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэгийн "Шийдэмгий нүүдэл" ном “Интерном” номын дэлгүүрийн “Шилдэг борлуулалттай ном”-ын хоёрдугаарт эрэмбэлэгджээ.


Энэ нь түүний хоёр дахь ном бөгөөд шинийг эхлүүлэхээр эрэлхийлж буй, өмнөө тулгарсан сорилтыг хэрхэн даван туулахаа мэдэхгүй суугаа олон арван залууст хөтөч гүүр нь болох, урам зориг, эрч хүч хайрлахыг зорьсон байна.


Зохиогч номынхоо талаар, “Би багаасаа шатрын спортоор хичээллэн амжилт гаргаж, өдгөө ч их ажлын хажуугаар дуртай зүйлээсээ алхам ч холдоогүй яваа. Тиймээс өөрийн туулсан амьдрал, туршлагаасаа хуваалцаж, шатрын спортын үнэ цэнийг таниулах зорилгоор “Шийдэмгий нүүдэл” номоо бичсэн. Шатар бол стратеги, хүмүүжил бас тэвчээр. Мөн эрсдэлийг тооцох, ялалт, ялагдлыг үнэлэх талбар” хэмээсэн юм.


Зохиогч номынхоо төгсгөлд “Амьдралд зөвийн төлөө ШИЙДЭМГИЙ БАЙ. Шатарт хожлын төлөө бүү ухар. Шатрын хүү ухарч нүүдэггүй. Хүсэл эрмэлзэлтэй хүн зорилгоосоо ухардаггүй. Шатарт байрлал сайтай нь давуу, амьдралд энгийн байх нь сэтгэл төвшин. Хожил урам, хожигдол ухаарал, хатуужлыг өгдөг” гэжээ.


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг шатрын спортыг хөгжүүлэх, хүүхэд залууст түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудад “Ногоон бэрс” клуб байгуулж буй юм.

Холбоотой мэдээ