Энэ жил ЭЕШ-д царай таних технологи нэвтрүүлнэ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-02-10 15:15:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилээс ЭЕШ-д шалгуулагчийн царай таних технологийг нэвтрүүлэхээр болжээ.

Энэ жил 32 мянган сурагч ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо гарсан байна. ЭЕШ-ын Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ хэмээн Боловсролын Үнэлгээний төвөөс өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Шинэ технологи нэвтрүүлснээр шалгалтад орох үед нь шалгуулагчаас олон материал шаардахгүй болж байгаа. Тиймээс зөвхөн тод гарсан гэрэл зургаа бүртгүүлэх хэрэгтэйг албаныхан анхааруулж байв.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ мэдээлэхдээ, “Заавал өгөх Монгол хэлбичгийн шалгалт өнгөрсөн жилээс босго оноотой болсон. Үүнтэй холбоотойгоор тус  шалгалтыг ЭЕШ эхлэхээс өмнө зохион байгуулдаг. Энэхүү шалгалт нь улс орон даяар ирэх сарын 28-ны өдөр нэгэн зэрэг болно. Хэрэв Монгол хэлбичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй. Харин монгол хэлний хичээлээр хуваарь авах элсэгчдийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 16-ны өдрийн 18 цаг хүртэл үргэлжилнэ. ЭЕШ албан ёсоор зургаадугаар сард болох бөгөөд цахимаар бүртгэнэ” гэв.


Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат, “Шалгалтад бүртгүүлэхийн тулд ямар мэргэжлээр, ямар сургуульд сурах талаар эцэг эх, асран хамгаалагчтайгаа зөвлөлдөж шийдсэн байх хэрэгтэй. Тухайн сургуульд суралцахын тулд ямар хичээлээр шалгалт өгөхөө мэдэх нь чухал юм. Нэг сурагч 10 хичээлээс сонгох ёстой. Тухайн сурагч их, дээд сургуульд элсэн орохын тулд 2-оос доошгүй хичээлээр шалгалт өгсөн байх шаардлагатай. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, цээж зураг, и-мэйл хаяг, төлбөр хийх карт зэргийг бүрдүүлэх хэрэгтэй” гэлээ.

П.Хүслэнтуяа

Холбоотой мэдээ