Хүний нөөцийн хөгжлийг дэмжих жилээр зарлав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-02-11 09:45:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний салбарт 2020 оныг “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих” жил болгон зарлалаа. 

Эрчим хүчний сайдын тушаалаар тус салбарын тогтвортой хөгжил,  аюулгүй, найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж хөгжүүлэх, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах юм. Энэ хүрээнд:

  • Байгууллагын ажиллагсдын үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангах, урамшуулах, ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажлын байрны нөхцөлийг бүрдүүлэх,
  • Сургалтаар хөгжүүлэх  хүрээнд: Байгууллагын стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгцээг хангахад цаг үеийн эрэлт шаардлагад нийцсэн мэдлэг чадварыг эзэмшүүлэх, сургаж хөгжүүлэх, мэргэшүүлэх юм. 

Үндсэн зорилтын хүрээнд нийт 33 томоохон ажил хийхээр төлөвлөжээ. Энд “Эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлогын баримт бичиг"-ийг  боловсруулж батлуулж, хэрэгжүүлэх, байгууллагын өөрчлөлт, хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийн төлөвлөлтийн арга зүйн удирдлагаар хангах юм. 



Мөн эрчим хүчний салбарын ААН, компаниудын бүтэц, зохион байгуулалтын норматив, орон тооны хязгаарыг оновчтой тогтоох аргачлалыг боловсруулан батлуулж, мөрдүүлэх аж. Эрчим хүчний салбарын инженер-техникийн ажилтнуудын түвшин тогтоох аттестатчилал хийж үр дүнд үндэслэн сургалтын хөтөлбөр боловсруулж, мөрдөж ажиллах зэрэг оржээ.

Хүний нөөцийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын тайланг 2020 оны 12 дугаар сарын 20-ны дотор Сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм.


Холбоотой мэдээ