Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болов

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-02-12 19:03:30

Дорноговь /МОНЦАМЭ/. БНХАУ-д тархаад буй шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, Засгийн газар, Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, үүссэн зарим нөхцөл байдлыг судалж тодорхой шийдвэр гаргах зорилгоор аймгийн Онцгой комиссын ээлжит хурал хоёрдугаар сарын 12-нд боллоо.

Хурлаар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, зөвлөмж мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх ажлын хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн сумдад ажилласан мэдээллийг сонссоноос гадна бусад чиглэлээр хийж буй ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгч тодорхой шийдвэр гаргасан юм.

Дорноговийн хэмжээнд шинэ коронавирусний халдварын 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 10 хүний шинжилгээний хариу үгүйсгэгдсэн бол нэг хүний сорьцыг ХӨСҮТ рүү илгээгээд байна.

Хуралдаанаар Бээжин-Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний тоог хоёроос илүүгүй байлгах саналыг улсын Онцгой комисст хүргүүлэх, аймаг дахь оёдлын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй, иргэдтэй хамтран ажиллаж, амны хаалт оёх, босоо тэнхлэгийн автозамаар зорчих автомашинуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гаргав.

Мөн гамшгийн эрсдэл өндөр гэгдэх зарим сумын хогийн цэг болон ахуйн ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийх, караоке, баар цэнгээний газрууд болон шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, иргэдийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуулах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаар үйлчлүүлж буй иргэдэд амны хаалтаа зүүж үйлчлүүлэх шаардлагыг тавихаар болов.

Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийг дагаж мөрдөх, мөн гамшгийн аюул үүсч болзошгүй байдалтай холбогдуулан Дорноговь аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх зэрэг шийдвэр гаргаж албажуулж хэрэгжүүлэхээр боллоо.



Холбоотой мэдээ