Цахим орчинд ташаа мэдээ тараасан иргэнийг шалгуулна

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-13 09:03:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Нийслэлийн онцгой комиссын нууц хуралдаан болж Монгол Улсад коронавирусний халдвартай хүн илэрсэн" гэх утгатай хуурамч мэдээлэл агуулсан хоолой бичлэг цахим орчинд иргэдийг айдаст автуулж төөрөгдүүлж байгааг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын "Нийслэлийн мэдээ" цахим хуудас анхааруулжээ. 


Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн хуралдаан бүрэн эхээрээ олон нийтийн цахим сүлжээний "Нийслэлийн мэдээ" хуудсаар нийтэд нээлттэй хүрсэн. Тиймээс зориуд, зохион байгуулалттай худал ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулж байгаа иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээр хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна гэдгийг санууллаа.


Монгол Улсад шинэ коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй. Албан ёсны үнэн бодит мэдээллийг өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас 11 цагаас улс даяар шууд дамжуулан мэдээлж байна. Иймд эх сурвалжаа нягтлаагүй мэдээллийг цааш нь түгээж, дамжуулахгүй байх нь таныг хууль бус үйлдэл гаргахаас сэргийлэхийг Эрүүл мэндийн яам анхаарууллаа.


Ташрамд дурдахад, худал ташаа мэдээлэл тараавал Зөрчлийн хуулийн 6.21 дэх заалтыг үндэслэн, иргэнийг хоёр сая, хуулийн этгээдийг хорин сая хүртэлх төгрөгөөр торгодог. Цаашлаад нөхцөл байдал хүндэрсэн бол эрүүгийн хариуцлага ч хүлээлгэдэг байна.


Нийслэлийн онцгой комиссын хуралдааны үеэр шууд дамжуулсан бичлэгийг хүргэж байна. 


Холбоотой мэдээ