Токиогийн Олимпын тасалбарыг тавдугаар сараас дэлхий даяар худалдаална

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2020-02-13 09:40:07

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотноо энэ зун болох Олимпын наадмын тасалбарыг гадаадын улс орнуудын иргэд тавдугаар сарын дунд үеэс худалдан авах боломжтой болно гэж тус наадмыг зохион байгуулах хороо лхагва гарагт мэдээлжээ.


Ингэснээр ирэх долдугаар сарын 24-нөөс эхлэх Олимпын наадмыг үзэж сонирхохын тулд Японыг зорихоор төлөвлөж буй хүмүүс наадмын тасалбаруудыг албан ёсны цахим хуудаснууд болон гэрээт борлуулагчдаас худалдан авах боломж бүрдэх ажээ.


Токиогийн Олимпын тасалбарын эхний хоёр цахим сугалааны үеэр 4.48 сая гаруй тасалбарыг Японы иргэд хэдийн худалдан авчээ. Олимпын наадмыг зохион байгуулагчид тасалбарынхаа нийт тооны талаар мэдээлээгүй байгаа боловч 9 сая гаруй тасалбар худалдаанд гаргах төлөвтэй байна.


"Паралимпын наадмын тасалбарыг хэзээнээс худалдаалж эхлэхээ хараахан шийдээгүй байна" гэж зохион байгуулагчид мэдээлжээ. 

Холбоотой мэдээ