Яруу найрагч Д.Бямбажав өвөрлөгч нутгийн сүлд дууг бүтээжээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-02-16 17:39:04

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, МЗЭ-ийн "Утга зохиолын төлөө" шагналт, Дорноговийн зохиолчдын "Хурмаст тэнгэр" төвийн гишүүн, яруу найрагч Д.Бямбажав  БНХАУ-ын Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны нутаг Мандал гацааны сүлд дууг зохиожээ.

Хатанбулаг сумын Ханги боомт цаахантай орших Мандал гацааны Мандал боомттой хил залгаа учир хоёр улсын иргэд, соёл боловсролын салбарынхан цугларч, хоорондоо танилцан яруу найргийн уншлага хийж, бүтээл туурвилаа ярилцдаг байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Мандал гацааны уран бүтээлч Б.Буяндүүрэн гэх дуучин залуу түүнд нутгийнхаа сүлд дуу бүтээх санал тавьснаар “Мандалын цэнхэр хязгаар” дуу бүтсэн түүхтэй. Энэ дуу Мандал гацааны найр наадам болгоны эхлэл төгсгөлд байнга дуулагддаг аж.

Мөн Дарханмуумянган холбоот хошууны Батхаалгын “Улаан мөчир” театр ч энэ дууг тайзнаа олонтаа эгшиглүүлжээ. Мөн  2018 онд олон улсын фестивальд дуулагдсан байна.

Яруу найрагч Д.Бямбажав анхны яруу найргийн номоо “Цагаан урсгал” нэртэй 2004 онд хэвлүүлж байсан бол удаах бүтээлээ “Булга торгон зүйдэл” нэртэйгээр 2008 онд, “Оюут ганцхан” уран бүтээлийн номоо 2019 онд тус тус уншигчдын хүртээл болгосон байна.

Мөн 10 гаруй дуутай бөгөөд 2006 онд “Аялгуун бороо зүсэрсэн алтан нутгаа дуулья” нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрт олон түмэнд хүргэж байжээ.

Бямбажав найрагч сурагч ахуй наснаасаа эхлэн шүлэг бичиж яруу найргийн уралдаан тэмцээнд оролцож байр эзэлдэг нийгмийн идэвхтэй хүүхэд байжээ.

Тэрээр утга зохиолд ихээхэн дурлаж ном зохиол их уншихаас гадна захидал харилцаагаар олон хүнтэй харилцдаг байсан аж. Тэр тусмаа нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, академич Цэндийн Дамдинсүрэнтэй захидлаар харилцаж байсан дурсамж түүнд бий.

Захидал харилцааны 17 дугаар боть гэдэг номонд түүний захидал бүрэн эхээрээ байдаг аж. Нэрт зохиолч Дамдинсүрэн “Энэ хүүхэд утга зохиолд дуртай, авьяас билэгтэй арай өөр хүүхэд шүү” гэж утга зохиолын хүрээнийхэнд захьдаг байж. Уран зохиолын хичээл дээр онцоос өөр дүн авч үзээгүй тэрбээр хөдөөнөөс Улаанбаатар хотод оюутан болж очоод нэг өдөр долоогоос найман захидал хүлээж авсан  удаа  бий.

Ихэнх нь хайрын захиа төдийгүй захидлын эзэд нь голдуу хөдөөнийхөн байжээ. Захидлын харилцааны эзэн, утга зохиолд шимтэн дурлагч байсан түүнд ах дүү, найз нөхдөөс гадна, танихгүй хүнээс ч захидал ирдэг байсан гэх.

Нийтийн хоолны техникум төгссөний дараа  яруу найргийн багш нь түүнийг хуучнаар УБДС-ийн утга зохиолын ангид оруулах байсан ч тэрээр нутаг руугаа явж нийтийн хоолны чиглэлээр ажилласнаас хойш ботгон буйлаатай говьдоо үнэнч байж, утга зохиол, найраг соёлыг үрийг хил дамнуулан түгээж, эдүгээг хүртэл Хатанбулагийн хязгаартаа сууж уран бүтээлээ туурвисаар явна.

Нэрт зохиолчтой, захидлаар харилцаж байсан тэрбээр “Хамгийн гоё соёл бол захидал харилцаа. Үүгээр бичгийн соёлыг олж авахаас гадна бичиж туурвих, сэтгэх, бодох бясалгах чадвар суудаг. Уран цэцэн гоё үг байсангүй. Тэр үед хайртай дуртай гэдэг үгийг бараг бичдэггүй, хэлдэггүй байлаа“ хэмээн дурссан юм.


Мандалын цэнхэр хязгаар

Үүлэн зүмбэр хээтэй магнаг торгон хөндий минь

Үелзээ намуун салхитай маргад эрдэнийн өлгий еэ

Үйл заяа нэгтэй нутгийн олон түмэн минь

Үлгэр жаргаах дээдсийн өөжин бүүвэй эгшиг ээ

Ижий цэнхэр аялгуутай Мандалын сайхан нутаг минь

Эргээд ирдэг хүүдээ найрын дугараа сөгнөөстэй

Ижил заяа түших ботгон бор толгод минь

Эртний буурал түүхийн өлгий дэлгэх баринтаг аа

Зөөлөн шаргиа бороотой есөн хүслийн аргамжаа

Зөв нь илүү алдрайдаа цэцгэн сүлжээ дэлгээстэй

Жийжүү мөнгөн дөрөөтэй эцэг өвгөдийн голомт минь

Жиндээнэ үгүй сэтгэлийн сүүтэй мөнгөн завъяа даа

Холбоотой мэдээ