Өсвөр насны охиддоо цаг, зав гаргаж ярилцахыг уриаллаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-02-18 12:44:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн  Цагдаагийн газарт 2020 он гарснаас хойш хүчиндэх гэмт хэргийн шинжтэй таван гомдол бүртгэгдэн шалгагдсанаас 60 хувь нь хүүхдийн эсрэг байжээ. Өөрөөр хэлбэл 14-15 насны гурван охин энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон байна.

Хүчиндэх, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг ихэвчлэн ойрын хамаатан, үеэл, нагац, авга ах, эцэг эхийнх нь найз, саахалт, зэргэлдээ айлын этгээдүүд үйлдсэн аж.

Насанд хүрээгүй охид бэлгийн бойжилт, бэлгийн халдашгүй байдлын талаар мэдлэг, ойлголтгүй, эцэг эх нь энэ талаар ярилцаж, зөв мэдээлэл өгдөггүйгээс болоод гэмт хэргийн золиос болох, жирэмслэх явдал жил тутам өсөлттэй байгааг холбогдох албаныхан хэлж байв.

Иймд эцэг, эхчүүд хэдий зав чөлөөгүй ажилтай байсан ч охидтойгоо ярилцах цагийг заавал гаргаж байх, тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон зөвлөгөө өгч, хэрхэн зөв үерхэх, зайлшгүй үед ямар арга хэмжээ авах талаар зааж сургах нь гэмт этгээдээс охидоо хамгаалах боломж гэдгийг аймгийн Цагдаагийн газраас анхааруулав.

Холбоотой мэдээ