Д.Басандорж: Экологийн цагдаа Усны түншлэлтэй хамтран ажиллах боломжтой

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-02-18 13:04:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба байгаль орчны ТББ-тай хамтран ажиллахаар болсон. Энэ талаар ШУТИС-ийн профессор Д.Басандоржоос тодрууллаа. Тэрээр БОЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, “Монгол усны түншлэл” ТББ-ын захирал, Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн Удирдах зөвлөлийн гишүүн юм. 

-Манай улсад Экологийн цагдаагийн алба эмхлэгдэн байгуулагдаад удаагүй байна. Та бусад улсад энэ төрлийн "Ногоон цагдаа"-гийн үйл ажиллагааг судалж байсан гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Канад, Австрали, АНУ-д ажлаар явж байхдаа энэ талаар сонирхон судалж байсан. Ер нь бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, мөрдөн илрүүлж, таслан зогсоох байдлаар ажилладаг. Манай улсад нэлээн хэдэн жилийн өмнөөс ногоон цагдаа, экологийн цагдаатай болох талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаад явж байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед энэ чиглэлээр цагдаагийн бие даасан нэгж, алба байгуулагдаж, ажил болж шийдэгдсэнд байгаль орчны эрдэмтэд бид талархалтай хүлээн авч байна. 

Хэдийгээр энэ алба нь цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд багтаж, ХЗДЯ-ны хүрээнд ажиллах боловч тус албыг бэхжүүлэхэд БОАЖЯ анхаарч, дэмжиж ажиллах шаардлагатай. Энд экологийн цагдаагийн үүрэг хариуцлага голлохоор байгаа ч эрх зүйн чадамжуудыг бүрдүүлэх чиглэлд хамтдаа юм хийх ёстой. Идэвхтэн цагдаа, олон нийтийн цагдаа, мөн байгаль хамгаалагч нар шиг тийм чиглэлээр Экологийн цагдаагийн албатай бид хамтран ажиллаж байж энэ албаны гар хөл нь томорч бэхжинэ. 


Манай улсад хэдэн жилийн өмнөөс ногоон цагдаа, экологийн цагдаатай болох талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаад явж байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед энэ чиглэлээр цагдаагийн бие даасан нэгж, алба байгуулагдаж, ажил болж шийдэгдсэнд байгаль орчны эрдэмтэд бид талархалтай хүлээн авч байна. 


-Яг яаж хамтран ажиллах талаар жаахан тодруулна уу?

-Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, хууль бус зөрчил, үйлдлийг илрүүлж тэмцэхээсээ гадна байгальтай харьцах иргэдийн хандлагыг өөрчлөхөд голлон нөлөөлж хамтран ажиллана гэж харж байна. Жишээ нь, манай салбарын яам БОАЖЯ сургууль, цэцэрлэг, ТББ-уудтай хамтран сургуулийн хүүхдүүд болон ААН-үүдийн дунд "Ногоон паспорт" олгох үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнийг өргөжүүлэхэд хамтран ажиллана. Жишээ нь, иргэд машинаа гол усанд юм уу, цэвэр усаараа шүршиж угааж болохгүй. 

Цаана чинь Экологийн цагдаа алба харж ажиллаж байгаа гэдэг хяналт нь ийм үйлдлийг таслан зогсооход иргэдийг шахна. Ингэж ажиллахаар хүмүүс өмнөх зуршлаа хаяж, болохгүй юм байна гэдгийг ойлгоно. Ийм байдлаар ажиллахад цагдаа нарт Улсын байцаагчийн эрх байгаа эсэхийг би сайн мэдэхгүй байна. Байхгүй бол хуулиар энэ эрхийг олгоод ажиллах хэрэгтэй байна. Ийм байдлаар байгаль орчны чиглэлээсээ боловсруулах ажил их байна. 

Экологийн тулгамдсан гол асуудал ус, ой, амьтан ургамал, биологийн төрөл зүйлийн чиглэлээр эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд богино хугацааны сургалт зохион байгуулвал их зүгээр. Энэ чиглэлээр нь цагдаа нарт мэргэшсэн үнэмлэх олгоод явбал амьтан, ургамал, рашаан, усаа судалж мэддэг болно.


Цаашлаад хог хаягдалтай тэмцэх, хохирол тооцох гээд байгаль орчны хамаарах зүйл олон. Ингэж явахгүй бол иргэний хууль, бусад эрхзүйд хэн нэг нь буга алчихлаа гэхэд энэ хэргийг хэн нэхэх нь тодорхой бус, бугыг төлөөлөх төлөөлөл байхгүй явж ирсэн. 

Энэ талаар тодорхой жишээ хэлэхэд, Төв аймагт 1998 онд Батхаан ууланд нэг алдартай жүжигчин баахан буга буудсан хэрэг гарч байсан. Байгаль орчныхон энэ хэрэгт нэхэмжлэл нэхээд явахаар нөгөө нөхөд шүүх дээр "Чиний үржүүлсэн буга юм уу? Чиний хөрөнгө, чиний өсгөж бойжуулсан амьтан юм уу?" гээд хуулийн өмнө бид буруудаж байсан явдал бий.

Яагаад гэвэл миний ч буга биш төрийн мэдлийнх учир үүнийг Байгаль орчны Төрийн нарийн бичгийн дарга хамгаална гэж хуулинд заагаагүй байдаг.

Тиймээс л Байгаль орчны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, эрх зүйн энэ уялдаа холбоо, субьектүүдийг боловсруулах чиглэлээр цагдаагийн албатайгаа хамтран ажиллаж идэвхтэй тэмцэх хэрэгтэй байгаа юм. 

Энэ талаар эрдэмтдийг оролцуулсан Байгаль орчны зөвлөл гэсэн ажлын хэсэг байгуулж ажиллан албаа бэхжүүлье гэсэн Экологийн цагдаагийн албаны даргын саналыг дэмжиж байна. Би мөн Дэлхийн усны түншлэлийн нэг хэсэг болсон байгууллагыг тэргүүлж ажилладагийн хувьд энд Экологийн цагдаагийн алба нэгдэн мэдээлэл авах, арга зүйгээр ханган хамтран ажиллах боломжтой. 


Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр




 

Холбоотой мэдээ