Штабын дадлагын сургалт зохион байгуулав

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-02-29 12:47:50

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Олон улсын автозамын шалган нэвтрүүлэх боомтод штабын дадлагын сургалтыг тус боомтын сургалтын танхимд зохион байгуулсан байна.

Дэлхийн улс орнуудад шинэ төрлийн “ковид-19” халдварын дэгдэлт газар авч байгаатай холбогдуулан хилийн боомтод онц халдварт өвчин гарсан үед байгууллагуудын харилцан ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдлэг, чадвар олгох зорилгоор дээрх сургалтыг зохион байгуулжээ. Сургалтаар “Хилийн боомтод онц халдварт өвчин гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний дараалал, харилцан ажиллагаа” сэдвээр мэдлэг, мэдээлэл өгсөн байна.

Тус үйл ажиллагаанд хилийн хяналтын болон харилцан ажиллагаатай байгууллагууд болох Сэлэнгэ аймгийн Гааль, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гадаадын иргэн харьяатын газар, Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсгийн бие бүрэлдэхүүн оролцжээ.  

Холбоотой мэдээ