Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах төсөл хэрэгжинэ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-02-19 19:11:16

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" төслийн нээлт боллоо.

Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Kаори Ишикава, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох албаны хүмүүс болон орон нутагт уг төслийг хамтран хэрэгжүүлэх агентлагийн дарга нар, зарим сумын засаг дарга нарын төлөөлөл оролцов.Төсөл нь Завхан аймагт 24 сарын хугацаанд хоёр сая долларын санхүүжилттэй хэрэгжинэ.

Энэ төсөл нь малчдын бизнес санал санаачилга, хоршооны үйл ажиллагааг дэмжиж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдах байдлыг нэмэгдүүлээд зогсохгүй нийгмийн халамжийн тогтолцоог ашиглан малчин өрхөд учирч болох байгалийн гамшиг, аливаа эрсдэл, цочролд бэлэн байдлыг сайжруулах зорилготой юм.

НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн нэгдсэн сан”-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжих тус төслийн урьдчилсан судалгааны дүнгээр Завхан аймаг зорилтод бүлгээр сонгогдсон учир төсөл хэрэгжүүлэх албан ёсны нээлтээ ийн орон нутагт хийжээ.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд дараах гурван зорилтыг дэвшүүлээд байгаа аж. Малчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх. Нийгмийн хамгааллын үндэсний тогтолцоонд цочролд хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг бэхжүүлэх, оролцогч талуудын хэлэлцүүлэг, нотолгоонд тулгуурлан малчид, тэдний үр хүүхэд болон бусад хүмүүст чиглэсэн тогтвортой, хүртээмжтэй нийгмийн хамгааллын санхүүжилтийн стратегийг сайжруулах санал боловсруулах чиглэлээр ажиллана.




Холбоотой мэдээ