ЭМЯ: Монгол Улс “Ковид-19”-ийн эрсдэл өндөртэй орны тоонд багтсан хэвээр байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-02-19 12:11:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвар илрээгүй ч Монгол Улс “Ковид-19”-ийн эрсдэл өндөртэй орны тоонд багтсан хэвээр байна. Иймд иргэд ДЭМБ-аас гаргаж байгаа зөвлөгөөг дагаж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэдгийг ЭМЯ-наас санууллаа.


Тус яамны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Шинэ коронавирусний халдвар эрчтэй тархаж байна. Азийн 12 оронд халдвар тархсанаас монголчуудын хамгийн их зорчдог Япон, Солонгос, Хонконг зэрэг оронд тус халдварын тохиолдол нэмэгдэж байна. Монгол Улс “COVID-19”-ийн эрсдэл өндөртэй орны тоонд багтсан хэвээр байна. 


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Говьсүмбэр аймагт 2, ХӨСҮТ-д энэ сарын 17-нд тусгаарласан 5 иргэний шинжилгээнээс шинэ коронавирусний халдвар илрээгүй. Өчигдөр тус вирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар нэг ч хүнийг тусгаарлаагүй байна.

ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн А.Баярзаяа: ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчийг илрүүлэх тоног төхөөрөмж, урвалж, оношлууртай, мэргэжлийн боловсон хүчин хангалттай байдаг. ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори ДЭМБ-ын сүлжээ лабораторийн хувьд Японы Халдварт өвчин судлалын төвийн лавлагаа лабораториос оношлуур хүлээн авч, шинжилгээ хийж байна. Манай орон Ази тивдээ хамгийн түрүүнд оношлуур хүлээж авсан. Оношлуурыг 100 хувь найдвартай гэж үзэж байгаа. Энэ оношлуурыг ДЭМБ-ын лавлагаа таван лабораторийн нэг Токиогийн лавлагаа лабораториос хүлээн авч, шинжилгээний дүнгээ Япон руу илгээн баталгаажуулж байна. ХӨСҮТ-ийн лаборатори Токиогийнхтой яг адил тоног төхөөрөмж, урвалж, оношлуур хэрэглэж байгаа.

Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх байдлыг хангаж буй бөгөөд иргэд, олон нийтэд зориулсан  зөвлөгөө, мэдээллийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 24 цагийн турш 80086829 дугаарын утсаар өгч байна.


Мөн ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр, эрсдэлтэй нөхцөлд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ууган үйлдвэр, ААН-үүд нийт албан хаагчдынхаа нэг өдрийн цалин буюу 39 сая төгрөгийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хандивлаж ЭМЯ-нд өнөөдөр хүлээлгэн өгсөн тухай мэдээллээ.

П.Хүслэнтуяа




Холбоотой мэдээ