Ховд аймгийн оёдолчид 30 мянга гаруй амны хаалт оёжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-19 19:03:32

Ховд /МОНЦАМЭ/.Энэ оны хоёрдугаар сарын 19-нд хуралдсан Ховд аймгийн Онцгой комиссын хуралдаанаар орон нутагт хэрэгжүүлж буй ажил хийгээд аймгийн Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийн тухай мэдээлэл солилцов.

Шинэ төрлийн коронавирус буюу "ковид 19" халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа юм.

Хурлын үеэр уг халдварын болзошгүй эрсдэл, үүнтэй холбогдон гарч болох ариутгал халдваргүйжүүлэлтийн уусмал, хамгаалах хувцас, эм эмнэлгийн хэрэгсэлд шаардлагатай төсөв санхүүгийн урьдчилсан тооцооллыг нарийвчлан гаргасан гэж аймгийн ЭМГ-аас танилцууллаа.  

Мөн орон нутгийн 26 оёдлын үйлдвэр, цехийг түшиглэн амны хаалт оёх ажил үргэлжилж буй. Ховд аймгийн оёдолчид мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааварчилгааны дагуу одоогийн байдлаар 30 мянга гаруй амны хаалт оёод байна. Үүнийг Жаргалант сумын багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудаар дамжуулан иргэдэд түгээхээр төлөвлөжээ. Мөн "Ковид 19" халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ үед нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, орон нутгаас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг бүрэн хангаж, иргэдийн эрүүл мэндийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллахыг холбогдох албаныханд аймгийн Засаг дарга үүрэг болгов.

Түүнчлэн сар шинийн баярын өдрүүдэд байгууллага бүр хариуцлагатай жижүүр ажиллуулах ба аймгийн Онцгой комиссын гишүүд тусгай хуваарийн дагуу эргүүл, хяналтын ажил хийхээр болсон юм.

Үүнээс гадна цаашид амны хаалтын нөөц бүрдүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, байгууллагуудын хамтарсан ажлын төлөвлөгөө боловсруулан гаргах зэрэгт анхаарч ажиллахаар болов.

Мөн "ковид 19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт хэрэгжүүлсэн ажлын нэгдсэн тайланг улсын Онцгой комисст илгээх зэрэг хэд хэдэн шийдвэр гаргалаа.  

Холбоотой мэдээ