ХК-иудаас 28 нь ногдол ашиг хуваарилахаа мэдэгдээд байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-02-20 18:20:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 198 компаниас 94 нь ногдол ашгаа хуваарилахаа шийдээд байна. 

Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”-д заасны дагуу Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани нь ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрээ жил бүрийн 2 дугаар сарын 20-ны дотор ирүүлж, нийтэд мэдээлэх үүрэгтэй байдаг. Өнөөдрийн байдлаар энэ талаар мэдээлүүлээд буй дээрх 94 компаниас одоогийн байпдлаар 28 нь ногдол ашиг хуваарилах, 2 нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх, үлдсэн 64 компани нь ногдол ашиг хуваарилахгүй байх шийдвэрээ Хөрөнгийн биржид ирүүлээд байна.

  • "Монос Хүнс” ХК-ийн ТУЗ 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 1 төгрөг, нийт 408.8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг болгон тараахаар болов. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, эн оны 8 дугаар сарын 31-нээс эхлэн хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв. 
  • "Хөвсгөл Геологи” ХК мөн нэгж хувьцаандаа 150 төгрөг, нийт 21.5 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов. Ногдол ашиг авах эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтыг 4 дүгээр сарын 3-наар тогтоон, 5-р сарын 1-нээс эхлэн олгох юм.
  • Мөн "Монголын цахилгаан холбоо” ХК-ийн ТУЗ 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 1 төгрөг, нийт 25.8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов. Ногдол ашигй 2020 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн хуваарилна. 
  • I дүгээр ангилалд бүртгэлтэй “Ард Даатгал” хувьцаат компани 2019 оны цэвэр ашгаас 49.45 хувийг буюу 850 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ 6-р сарын 30-ны өдрийн дотор ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ нэгж хувьцаанд 34 төгрөг тооцсон байна. Мөн “Ард санхүүгийн нэгдэл” ХК 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 34.95 төгрөг тооцон, нийт нэг тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй нэрсийн жагсаалтыг IV сарын 7-ны өдрөөр тогтоож, IV сарын 30-ны өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
  • “Улаанбаатар хивс” ХК 2019 оны цэвэр ашгийн 40.6 хувь буюу 121.4 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараана. Нэгж хувьцаанд 300 төгрөг тооцож байна. Ногдол ашиг авах эрхтэй нэрсийн жагсаалтыг III сарын 6-ны өдрөөр танилцуулж, V сарын 1-15-ны өдрийн хооронд хувьцаа эзэмшигчдэд олгоно.
  • Өнгөрсөн 2019 онд 5.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан “Мандал даатгал” ХК нэгж хувьцаанд 4 төгрөг буюу нийт 2.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. Ногдол ашиг авах эрхтэй нэрсийн жагсаалтыг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр гаргаж, 6 дугаар сарын 30-ны дотор тараахаар болжээ. 


Компаниуд ногдол ашиг тараахдаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах юм.

Ногдол ашгийн шийдвэрийн нэгтгэлийг Энд дарж үзнэ үү. 



Холбоотой мэдээ