Тээвэрчид өрийн дарамтад ороод байгаагаа мэдэгдлээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-02-20 19:09:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж манай улсын хилийн боомтууд хаагдсанаар авто тээврийн болон нүүрсний тээвэр 3 дугаар сарын 2 хүртэл зогсоод байгаа билээ. 

Тавантолгой-Гашуунсухайт боомтын чиглэлийн уртын тээвэрт 1200 орчим тээврийн хэрэгсэл дотоодын нүүрс тээвэр хийхээс бусад 10.000 орчим тээврийн хэрэгсэл бүрэн зогсоод байна. 

Нүүрс тээврийн компаниуд "Гашуунсухайт авто зам" ХХК-тай  “Авто зам ашиглалтын гэрээ” байгуулж ажилладаг. Гэрээний дагуу 2 дугаар сарын 20-ны дотор замын төлбөрөө барагдуулахгүй бол зам хаах тухай мэдэгдэлийг тээврийн компаниудад ирүүлсэн. Энэ нь зохих хууль ёсны дагуу байгуулсан гэрээ боловч Гашуунсухайтын авто замаар нүүрс тээвэрлэдэг компаниуд одоогийн давагдашгүй нөхцөл байдлын улмаас төлбөр тооцооны чадамжгүй, гэрээний дагуу зам ашигласан төлбөрөө төлөх боломжгүй байгааг Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн тээвэрчин Н.Ялагдашгүй өнөөдөр мэдээллээ. 

Хэрэв төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрвэл хоногийн 0.5 хувийн алданги тооцдог. Энэ нь 20-30 сая төгрөгийн торгууль болж тээвэрчдэд ногдуулж байна. Энэ талаар "Баянзам" тээвэрчдийн холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Баярхүү хэлэхдээ, "Нүүрс худалдан авагч импортлогч тал болох БНХАУ-д үүсээд буй онцгой нөхцөлд манай ТББ, иргэд ААН, байгууллагууд хэрхэн ажиллах, эрх ашгаа хамгаалах талаар эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмаг, бэлтгэлгүй байснаас өмнө нь байгуулсан гэрээний төлбөр, хүү торгууль, алдангийн дарамтад орж эхэллээ.

Тиймээс Засгийн газар нүүрс тээврийн 170 гаруй ААН, 14000 тээвэрчин, тэдний гэр бүлийг өрийн дарамтааас хамгаалах хэрэгтэй байна. Замын хураамж төлөлтийг тэглүүлэхийг бид хүсээгүй, хугацааг сунгуулах, түр хойшлуулахыг л хүсэж байна” гэв.


Мөн БНХАУ-ын нүүрс худалдан авагч талаас цалингаа тавьж чадахгүйд хүрч,  хувьдаа нүүрс тээврийн машинтай, банкны зээлтэй нүүрс тээвэрлэгчид, цалингаа хугацаанд нь авах боломжгүй болж, банкны зээлийн хүүгээ хугацаанд нь төлж барагдуулж чадахгүй, найдваргүй зээлдэгчийн жагсаалтад ороод байна гэв. Нүүрсний экспорт зогссоноор улсын төсвийн орлого өдөрт 27 тэрбум төгрөгөөр тасалдаж, тээврийн компаниудын өр зээлийн хүү алданги нэмэгдэж, санхүүгийн байдал нь хүндэрч байгааг өнөөдөр ийнхүү мэдээллээ. 

Тодруулга: Улсын онцгой комиссоос 3 дугаар сарын 2-ноос хойш БНХАУ руу нүүрс, газрын тос тээвэрлэх шийдвэр гаргаад байгаа юм.



Холбоотой мэдээ