“Бадрах Энержи” компани Улаанбадрах сум, Зүүнбаян багийн 79 өрхийг малжуулжээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-02-21 13:10:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бадрах Энержи” ХХК нь Франц Улсын Орано групп, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн төрийн өмчит “Мон-Атом”ХХК-ийн хамтарсан компани юм. “Бадрах Энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Зөөвч-Овоо ураны орд дээр уул уурхайн төслийн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байна. 


“Бадрах Энержи” компаниас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2007 оноос эхлэн хэрэгжүүлсэн “Малжуулах төсөл”-д Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багийн нийт 79 өрх хамрагджээ. Тодруулбал, 2006-2007 онд болсон зуднаар тус аймгийн олон малчин өрхийн мал хорогдож, амьжиргааны эх үүсвэргүй болжээ. Иймд малчин өрхүүдийг хүнд байдлаас гарахад нь туслах зорилгоор дээрх төслийг эхлүүлсэн байна. “Малжуулах төсөл”-д хамрагдах иргэдийг сум, багийн иргэдийн нийтийн хурлаар сонгодог бөгөөд сонгогдсон айлд 25 эм хонь, 25 эм ямаа олгож ирсэн байна. Тухайн малчин өрх малынхаа ашиг шимийг 3 жилийн туршид хүртэн төл авсны эцэст дараагийн сонгогдсон айлдаа дээрх тооны эх мал шилжүүлдэг уламжлалтай аж. 



2019 онд “Бадрах Энержи” ХХК Сайншанд сумын Зүүнбаян багийн 5 малчнаас зах зээлийн үнээр мал худалдан авч, төслөө өргөжүүлэн шинээр дахин 5 айлыг малжуулсан байна.



Зүүнбаян багийн малчин Н.Лхагвадорж, “Энэ бол маш үр дүнтэй төсөл. Амьжиргааны түвшин доогуур, бага орлоготой, цөөн тооны малтай малчин өрхийн аж амьдралыг дээшлүүлэх сайн төсөл. Манай тавдугаар багийн 13 өрхөд “Малжуулах төсөл” гурван ээлжээр хэрэгжиж байна. Энэ жил шинээр 5 өрхийг хамруулахаар болсонд бид баяртай байгаа” гэв.


Өнөөдрийн байдлаар Улаанбадрах сумын 57 малчин өрх, Зүүнбаян багийн 22 малчин өрх уг төсөлд хамрагдаад байна. “Бадрах Энержи” компани тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний дотор мал аж ахуйн салбарыг тууштай дэмжин ажиллаж ирсэнд малчид талархалтай хандаж байна. 

Холбоотой мэдээ