НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Энхболд итгэмжлэх захидлаа гардуулав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-02-21 10:22:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррест итгэмжлэх захидлаа энэ сарын 20-нд гардуулж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Байнгын төлөөлөгч В.Энхболд Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөг гэдгийг онцлоод НҮБ ч манай улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн ҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэрэгжүүлж буй шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байна хэмээгээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ч.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарын мэндчилгээг уламжилж, манай улсад айлчлахыг хүссэн урилгыг дахин нотолсон юм.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Монгол Улс ардчилсан замаар тууштай хөгжиж Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэн, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хүч чармайлт гарган идэвхтэй хамтран ажиллаж ирснийг цохон тэмдэнлэв.


В.Энхболд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух 16 дахь Байнгын төлөөлөгч болж буй юм.

Холбоотой мэдээ