“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-02-21 11:03:14

ЛОНДОН. /Reuters/. “Оюу толгой” компани Монгол Улсын Татварын ерөнхий газартай үүссэн маргааныг зохицуулах зорилгоор олон улсын арбитрын шүүхэд хандсан тухай “Rio Tinto” компани баасан гарагт мэдээлжээ.


“Оюу толгой” зэсийн уурхайн төсөлтэй холбоотой гэрээний зарим заалтыг эргэн харах асуудлаарх “Rio Tinto” компани болон Монголын хууль тогтоогчид хоорондын хэлэлцээ мөн зогсонги байдалд ороод байгаа юм.


Уг төсөл нь Монгол улсын хувьд хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт боловч урт хугацаагаар хойшлогдож, зардал өсөн нэмэгдсээр байсан нь ашиг хүртэхийг хүлээсэн тус улсын хууль тогтоогчдын тэвчээрийг баржээ. Харин “Rio Tinto” компани олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан хэмээн мэдэгддэг юм.


Одоогийн маргаан нь “Оюу толгой” компанийн 2013-2015 онд төлсөн татвартай холбоотой юм.


“Бид харилцан хүлээн зөвшөөрөхүйц тохиролцоонд хүрэхийн тулд Монгол Улсын Засгийн газар болон Татварын ерөнхий газартай хичээнгүйлэн ажиллаж ирсэн бөгөөд уг асуудлыг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх нь хамгийн зөв арга зам юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж “Rio Tinto” компани мэдээлжээ.


2013-2015 онд “Оюу толгой” компанид ногдуулсан болон төлсөн татварын аудитын шалгалтаар 155 сая ам.долларын татварын зөрчил илэрсэнтэй холбогдуулан Татварын ерөнхий газраас 2018 оны нэгдүгээр сарын 16-нд тус компанид уг татварын өрийг барагдуулах шаардлага хүргүүлсэн байна.


Rio Tinto” компанийн мэдээлснээр, "Оюу толгой" компани өөрийн хүлээн зөвшөөрсөн төлөөгүй татварын нөхөн төлөлт, торгуульд 4.8 сая ам.долларыг төлсөн байна.


Rio Tinto” компанийн “Turquoise Hill Resources” компани олон сая ам.долларын төслийн 66 хувийг эзэмшдэг бол Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшдэг юм.


“Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүх татвараа төлсөн хэмээн манай компани үзсэн хэвээр байна гэж “Turquoise Hill Resources” компани мэдэгджээ.

Холбоотой мэдээ