"КОВИД 19"-ийн сэжигтэй зургаан тохиолдлын шинжилгээний хариу маргааш гарна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
183@montsame.mn
2020-02-23 12:47:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас "КОВИД 19"-ийн тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр  ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэлтсийн дарга Я.Буянжаргал: 

-Аймгууд нийгмийн эрүүл мэндийн ноцтой эрсдэлийн үнэлгээ хийж, зохих бэлтгэлээ хангаж байна. Ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг тарааж, хэрхэн хэрэглэх талаар холбогдох байгууллагуудад зөвлөгөө зөвлөмж өгч байна. 

ЭМЯ-ны удирдлагууд Улсын хоёрдугаар эмнэлэг, ХСҮТ-д  ажилласан. Улсын хоёрдугаар эмнэлэг өөрсдийн дотоод нөөц бололцоогоороо амны хаалт хийж байна. Мөн жирэмсэн ажилтнууддаа цалинтай чөлөө олгожээ. Бид мөн БНСУ-д ажиллаж амьдарч буй иргэддээ зориулж зөвлөгөө мэдээлэл өгсөөр байгаа. 103 утасны сүлжээнд зургаан сувгаар мэдээлэл өгөхөөс гадна нэмэлтээр дөрвөн шугамыг нээгээд байна. Хоногтоо дөрвөн  мянга гаруй  удаа иргэд холбогдож зөвлөгөө авч байна. Иргэд болон ААН-үүдэд шаардлагатай мэдээллийг өгсөөр  байна.

ДЭМБ-ын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа:

-ДЭМБ-ын мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сарын 23-ны 09:00 цагийн байдлаар "КОВИД 19"-ийн халдварын тохиолдол 78 741-д хүрлээ. БНХАУ-д нийт 77 042 тохиолдол бүртгэгдэж 2440 хүн нас барсан. Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-д 540 тохиолдол шинээр нэмэгдэж, нас барсан хүний тоо 100-д  хүрсэн. Мөн 1699 тохиолдол 29 улсад бүртгэгдсэнээс 15 хүн нас барсан. Иранд 13 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Итали улсад зургаан тохиолдол нэмэгдсэн. БНСУ-д халдварын тоо нэмэгдэж 556 болсон. Сүүлийн хоёр хоногт халдвар авсан 400 хүний 221 нь сүмийн цуглаанаас шалтгаалсан байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-2020 оны хоёрдугаар сарын 21-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр тохиолдлын шинжилгээний хариу нь сөрөг гарсан. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод тусгаарласан 12 хүнийг давтан шинжилгээнд оруулахад сөрөг хариу гарсан бөгөөд хяналтын өдрүүд нь дуусаж байна. Өчигдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр ХӨСҮТ-д  коронавирусээр халдварласан байж болзошгүй зургаан сэжигтэй тохиолдлыг тусгаарласан. Шинжилгээ хийж байна, маргааш хариу нь гарна. Сар шинийн өдрүүдэд иргэн бүрийг  хариуцлагатай байхыг хүсэж байна. Өөрийгөө хамгаалах нь гэр бүлээ цаашлаад Монгол Улсаа  хамгаалж байна гэсэн үг. Дор бүрнээ хариуцлагатай байх ид үе нь эхэлж байна шүү. Нэг хүний аюул ямар их хохиролтой болохыг та бүгд мэдэж байгаа. Эрүүл мэндийн салбар болон төрийн байгууллагууд 24 цагийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Гарсан шийдвэр, зөвлөгөөнүүдийг иргэн бүхэн сахин биелүүлэхийг хүсье.

Холбоотой мэдээ