Орон нутагт үйлдвэрлэсэн амны хаалтыг 700 төгрөгөөр худалдана

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-02-23 18:00:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймаг төдийгүй улсын хэмжээнд амны хаалтны нөөц багассан учир ОБЕГ-аас амны хаалтыг дотооддоо буюу орон нутагтаа үйлдвэрлэхийг уриалсан.

Үүний дагуу Сүхбаатар аймгийн ЗДТГ “Сүхбаатар Про импекс” оёдлын үйлдвэртэй хамтран амны хаалт үйлдвэрлэж эхэллээ.

Нэг ширхэг амны хаалт үйлдвэрээс 700 төгрөгөөр  өртөгтэй гарч буй бөгөөд иргэдэд ямар нэг нэмэгдэлгүйгээр үйлдвэрийн үнээр худалдана. Эхний ээлжинд үйлдвэрээс гарсан 500 ширхэг маскыг Баруун-Урт сумын ЗДТГ-т хүлээлгэн өгч, эмийн сангууд болон холбогдох газруудад хуваарилсан байна. Цаашид гарах амны хаалтыг сумдуудад хуваарилж, эмийн сангуудаар дамжуулан иргэдэд худалдах гэнэ.


Амны хаалтны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ,-тай байгуулсан гэрээний дагуу “Сүхбаатар Про импекс” оёдлын үйлдвэр 50,000 ширхэг даавуун амны хаалтыг үйлдвэрлэнэ. Уг ажлыг аймгийн гамшгийн эрсдлийн сангийн 10 сая төгрөгөөр санхүүжүүлжээ.

Амны хаалтны материал сонголт, хэмжээ гээд бүх стандартыг аймгийн Эрүүл мэндийн газраас тогтоож өгсөн байна. 

Холбоотой мэдээ