Хот орчмын суурингийн иргэдийн баримт бичгийг шалган нэвтрүүлж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-02-22 17:10:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг 2 дугаар сарын 23-наас буюу маргаашнаас хаахтай холбогдуулан ТЦА шалган нэвтрүүлэх товчоодод хийж буй хяналт шалгалтаа чангатгаж байна. 

Ингэхдээ Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт хороолол, 361 гарам, Гачуурт, Улиастай, Туул тосгон, Эмээлт зэрэг хот орчмын суурингийн иргэдийг иргэний үнэмлэх, оршин суух хаяг, албан байгууллагын баримт бичгийг шалган нэвтрүүлж байна. Тиймээс жолооч, зорчигч, иргэдийг хулгайн гэгддэг замаар зорчиж тээврийн хэрэгсэл болон өөрсдөдөө эрсдэл үүсэхгүй байхыг анхааруулж, зөвхөн хяналтын цэгээр нэвтрэхийг сануулж байна. 


Байнгын хяналтын цэгүүдэд цагдаагийн байгууллага мэргэжлийн хяналт болон эрүүл мэндийн бусад байгууллагатай хамтран хяналт тавьж байна.

Улаанбаатар Засаг дарга С.Амарсайхан хорио цээрийн өндөржүүлсэн байдлыг шалгаж нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж байгаа бөгөөд өчигдөр Налайх болон Багануур дүүрэгт ажиллах үеэр Хэрлэнгийн гүүр дэх шалган нэвтрүүлэх товчоонд ажиллах үеэр нийслэл хот руу орж гарах автомашин бүрийг шалгаж, зорчигч бүрийн халууныг хэмжих нь чухал гэдгийг  албан хаагч нар санууллаа.  


Улсын онцгой комиссоос хоёрдугаар сарын 23-27-нд нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг зогсоох болсонтой холбоотойгоор нийслэлийн гарах хяналтын 6 постыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах гэж байна. 

Хориглолт тогтоосон өдрүүдэд цас их орж, халтиргаа гулгаа үүсэж, цаг агаарын болон замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг ТЦА мөн сэрэмжлүүлж байна.


Б.Болд


Холбоотой мэдээ