Цагаан сараар нийтийн тээвэр үйлчлэхгүй

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-02-22 19:07:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр 17.00-18.00 цагт "Хангарди" ордонд хуралдаж, 2 дугаар сарын 24-27-нд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ.

Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Сар шинийн өдрүүдэд, хоёрдугаар сарын 23-ны өглөө 08:00 цагаас хоёрдугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргасан. Үүнтэй уялдуулан Нийслэлийн онцгой комисс ийнхүү шийдвэрлэжээ.

Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлэх нь шинэ төрлийн коронавирусний халдвар тархах нөхцөл болж, болзошгүй эрсдэл учруулах магадлалтай хэмээн үзэж уг шийдвэрийг гаргасан байна.


Хуралдаанаар шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын зэрэгцээ сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлт, угаарын хийнд хордохоос сэргийлэх зөвлөмж мэдээллийг иргэдэд байнга өгч ажиллахыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн нийслэл рүү иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх үүргийг ТЦА, мэргэжлийн хяналт болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт өглөө.


Холбоотой мэдээ