Эмнэлгүүд өндөржүүлсэн байдалд ажиллаж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-02-22 20:04:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр болж Сар шинээр ажиллах эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын хуваарийг танилцуулав. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Түргэн тусламжийн төв 103-ын дуудлага, мөн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд  24 цагаар, өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, хүүхэд, дотор, шүдний тасгууд, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв 10.00-16.00 цагт ажиллана. 

Хурлаар коронавируст халдварын үед эрүүл мэндийн байгууллагуудад авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, Сар шинийн баяраар буюу хоёрдугаар сарын 23-27-нд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах талаар холбогдох хэлтсүүдийн төлөөлөл танилцуулсан юм. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусний халдварын нөхцөл байдал болон эрсдэлт хүчин зүйлсийн талаар цаг үеийн мэдээлэл өгч, эрүүл мэндийн байгууллагуудыг халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тандалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тусгай горимын үүрэг чиглэл өглөө.

Эдгээр өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллах, тэр дундаа эмнэлгийн удирдлагууд гар утсаа нээлттэй байлгах, нийслэлээс гадагш явахгүй байх, яаралтай үед товлосон цагт бэлэн байхыг сануулж, онцгой нөхцөлд ажиллах төлөвлөгөөг анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Цагаан сараар ажиллах эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын утасны дугаар:

  • Нийслэлийн эрүүл мэндийн газар 11-324207
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн жагсаалт утасны дугаарыг энд дарж харна уу.
  • Нийслэлийн түргэн тусламжийн төв 103. 7011-0103
  • Нийслэлийн шүд эрүү нүүрний төв 9601-0811. 9985-8053. 9910-6086.
  • Дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг: СХД 11-631108. ХУД 11-379258. БЗД 11-454004. СБД 11-350790. БГД 11-362539. ЧД 11-314587.

Холбоотой мэдээ