Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ дахин зөвлөмж гаргав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-02-23 00:17:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д байгаа монгол иргэд тус улсын ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг алхам тутамдаа хэрэгжүүлж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусний халдвар авахаас урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ дахин анхааруулав. БНСУ-ын ЭМЯ гаргасан зөвлөмжид:

  • Амны хаалт тогтмол зүүх,
  • Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш хугацаагаар угаах,
  • Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх,
  • Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх,
  • Олон нийтийн газраар аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх,
  • Онц шаардлагагүй бол эмнэлэгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих,
  • Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх,
  • Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх гэсэн байна. 

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол өнөөдөр, 23-ны өглөөний 10.00 цагаас хойш 87-оор нэмэгдэж нийт 433-д хүрээд байна. Шинээр Дэгү хотод 55, Умард Гёнсан мужид 14, Канвон мужид 5, Кёнги мужид 4, Сөүл хотод 3, Гуанжу хотод 2, Дэжөн, Бусан, Улсан хотод тус бүр 1, Өмнөд Чолла мужид 1 тохиолдол илэрсэн байна. Шинээр илэрсэн 87 тохиолдлын 62 нь Дэгү хотын Шинчөнжи Христийн сүм, 3 нь Умард Гёнсан мужийн Дэнам эмнэлгээс тус тус халдвар авсан ба үлдсэн 22 тохиолдлын халдварын шалтгааныг тодруулж байгаа аж.


Өнөөдрийн байдлаар БНСУ-д 21.153 иргэнийг шинжилгээнд хамруулснаас 15.116 иргэний хариу сөрөг гарч, 6037 иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 17 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2 иргэн нас баржээ.



Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны сэрэмжлүүлэг мэдээлэлд, "Хэрэв танд өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 (24 цагаар ажиллаж буй), Цагаачлалын албаны 1345 (09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө) тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандаарай. БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой. 


Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудас, ЭСЯ-ны 02-798-3464 утаснаас мэдээлэл авна уу" гэсэн байна.


Холбоотой мэдээ