Сайжруулсан шахмал түлж борлуулах явуулын цэг ажиллаж байна

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-02-24 23:26:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Сонгинохайрхан дүүргийн VII хороо буюу Баянхошуунд байрлах сайжруулсан шахмал түлшний жижиглэн худалдааны цэгийн ажилтай танилцлаа.


Энэ үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, “Сар шинийн баяр дөхөхөд буюу битүүний өдөр ачаалал их байлаа. Сонгинохайрхан дүүрэгт сайжруулсан шахмал түлж борлуулах 120 гаруй цэг байдгаас 50 хувь орчим нь түлшгүй болсон байсан. Харин өнөөдөр дээрх цэгүүдэд түлш хүргэснээс гадна Баянхошууны Хөтөл, Тойрогт 25 тоннын автомашинаар явуулын худалдааны цэг ажиллуулж эхэлсэн. Ингэснээр иргэд хүлээлтгүй, дараалалгүй түлшээ авах бүрэн боломжтой болсон” хэмээн танилцуулав. Битүүний өдөр буюу энэ сарын 23-наас хойш иргэд угаартсан гэсэн дуудлага ирээгүй гэдгийг албаныхан дурдаж байсан юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сар шинийн өдрүүдэд шуурхай ажиллаж, түлш тасарсан газруудад шуурхай нийлүүлэх, угаартахаас сэргийлэх, коронавирусний халдвараас сэргийлэх талаарх зөвлөмж, мэдээллийг иргэдэд тогтмол хүргэж байхыг үүрэг болгов.

Холбоотой мэдээ