Ш.Оргил: ОХУ-аар дамжин орж ирэх эрсдэл маш өндөр байгаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-02-27 18:22:28

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг цочроогоод байгаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс улс орон даяар хөл хорио тогтоосон энэ үед Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын шатанд маш эрчимтэй, анхааралтай ажиллаж байна. Учир нь тус аймаг хилийн онцгой бүс учраас ОХУ-аар дамжин орж ирэх эрсдэл маш өндөр байгаа юм. Үүнтэй холбогдуулан цахим орчинд иргэдийг түгшээсэн хуурамч мэдээлэл тархаж байгаа. Иймээс үнэн бодит мэдээллийг, цаг тухайд нь шуурхай хүргэх зорилгоор энэ сарын 27-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг аймгийн Онцгой комиссын дарга, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өглөө.

Тэрээр:“Үүссэн нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг аймгийн Онцгой комиссоос миний бие өгч байгаа. БНСУ-аас ОХУ-аар дамжиж эх орондоо ирэх гэсэн монгол иргэд нэлээд олон байгаа тухай мэдээллийг бид авсан. Аймгийн Онцгой комисс хуралдаад л суугаад байгаа юм бишээ. Тэр голомттой бүсээс ирж буй иргэдээс хэрхэн урьдчилан сэргийлэх, тэдгээр иргэдийг хэрхэн хүлээж авах вэ гэдэг дээр л ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 11.01 минутад ОХУ-аас дамжин Алтанбулаг боомтоор Монгол Улсын 11 иргэн орж ирсэн. Бид гадаад харилцаааны яам, ЭМЯ, ОБЕГ, МХЕГ, улсын Онцгой комиссын өгсөн заавар зөвлөгөө, үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байгаа. Ирсэн 11 иргэн маань эх орондоо орж ирлээ гэж баярласан сэтгэлтэй байгаа гэсэн мэдээ ирсэн. Мөн эдгээр иргэдэд үзүүлсэн эхний шинжилгээгээр биеийн халуун илэрсэн зүйлгүй, элдэв зовиур байхгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр иргэдийг бид 14 хоног тусгаарлана. ЭМЯ, улсын Онцгой комиссоос өгсөн хууль, дүрэм, журмын дагуу авч арга хэмжээ авч, хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна.

Мөн иргэддээ хандаж хэлэхэд ОХУ руу Алтанбулаг боомтоор гарах чиглэлд онцын шаардлагагүй бол битгий яваасай гэдгийг дахин дахин анхааруулья. Цаашид мөн Иркутск, Новосибирск чиглэлээр ирэх мэдээлэл маш их байгаа. Хувийн унаатай хүмүүс рүү холбогдсон, биднийг тосч аваад монгол руу хүргэж өгнө үү гэсэн мэдээлэл ирж байгаа талаар бид сонсож, мэдээлэл авсан. Мөн Солонгосоос Иркутск руу нислэгээр ирэх хүмүүс тасалбар бичүүлсэн магадлал маш их өндөр байна. Энэ байдлаас үзэхэд бидэнд тусгаарлах байр нэмэх шаардлага гарна. Манай ЗӨСТ-өөс эмч, жолооч явсан. Энэ хүмүүс мөн адил хамтдаа 14 хоног тусгарлагдаж байгаа. Бид энэ аюулт өвчнийг орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажлыг л хийж байна гэдгийг та бүхэн маш сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас төр засгаас гаргаж байгаа шийдвэр, бодлогуудыг ягштал биелүүлээд, гадуур дотуур гаралгүйгээр, үнэхээр шаардлагатай ажил л биш бол түр хүлээгээч гэж анхааруулж хэлмээр байна. Бид ингээд цаг тухай бүрд нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээрээ дамжуулаад үнэн бодит мэдээ, мэдээллийг та бүхэндээ хүргэнэ. Цахим орчинд худал, ташаа мэдээллийг тавиад байна. Үүнд битгий итгээрэй. Энд ажиллаж байгаа баг аймгийн Онцгой комисс үнэн зөв бодит мэдээллийг хүргэж байна гэдгийг хэлье.   

Дээр хэлсэн тусгаарлагдсан 11 хүн Сэлэнгэ аймагт 14 хононо. Энэ хугацаанд цусны шинжилгээг нь Улаанбаатар хот руу хүргүүлнэ. Үнэхээр 14 хоногт илрэхгүй бол хэвийн байна гэж үзнэ. Гаднаас орж ирж байгаа хүмүүс анх орж ирсэн цэг дээрээ 14 хоног саатуулагдана. Бид Солонгос, Турк, Хятад улсаас ирж байгаа монгол иргэдээ зайлшүй хуулийн дагуу авах ёстой. Гадны иргэдийг бол авахгүй. Монгол иргэдээ аваад саатуулах байранд байрлуулаад шинжилгээг нь аваад явж байна гэдэг чинь бид урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна аа гэсэн үг. Дахин хэлэхэд. Хил хаасан хаагаагүй манайх монгол иргэдээ авч байгаа. Алтанбулаг боомтоор онцын шаардлага байхгүй бол гадагшаа явахгүй байхыг дахин анхааруулья. Хэсэг хугацаанд шүү дээ. Одоо бол чиглэл наашаа болчлоо. Иркутск, Новосибирск, Улаан-Үдээр дамжиж ирээд тэндээсээ машинаар дамжаад Хиагтын хилээр Алтанбулаг боомтоор орж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй, бодож санасан, тасалбараа захиалсан, машин тэрэгтэйгээ ярьчихсан хүмүүс байгаа учраас эрсдэл өндөр байна. Иймээс та бүхэн Монгол Улсын хойд хилээр гарахаа түр азнаач ээ. Онцын шаардлагагүй бол түр хүлээгээч ээ гэсэн санамж анхааруулгыг аймгийн Онцгой комиссоос уриалж байна.

Холбоотой мэдээ