Авто замын тэмдэг, тэмдэглэгээг стандартад нийцүүлж шинэчилнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-02-27 17:59:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан авто замын босоо тэмдэглэгээг 4 дүгээр сарын 1 гэхэд шинэчилж дуусгах үүргийг Нийслэлийн авто замын хөгжлийн газарт өгөв. 

Түүнчлэн 6 дугаар сарын 15 гэхэд хэвтээ тэмдэглэгээг шинэчилж дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. Тэрээр өнөөдөр Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Нийслэлийн замын хөдөлгөөн, төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудтай уулзсан юм. 

Хотын захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хот 2020 онд стандартын нийслэл болох зорилтот ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд олон ажил төлөвлөсөн. Өнөөдөр бид замын хөдөлгөөн зохицуулалттай холбогдуулан  хотын замын тэмдэг тэмдэглэгээг олон улсын стандартад нийцүүлэх, гудамж талбайг хаягжуулах талаар ярилцаж байна" гэв. 


Нийслэлийнхэн гудамж талбайн нэршлийг мэдэхгүй байна гэдэг нь мэдэх боломжийг олгож өгөхгүй байна гэсэн үг. 


Замын тэмдэг тэмдэглэгээг стандартад нийцүүлснээр иргэд хаана, ямар гудамжаар хаашаа явж байгаагаа мэддэг болно. Тэр хэрээр хөдөлгөөнд оролцох чиглэл тодорхой болно. Үүнийг дагаад зам тээврийн осол эндэгдэл буурах ач холбогдолтой. Мөн гудамж талбайг хаягжуулснаар хотын өнгө үзэмж сайжирч, тэр хэрээр хотын соёлыг хэвшүүлэх цаашлаад шинэ түвшинд хүргэх зорилготой юм. Нийслэлийнхэн гудамж талбайн нэршлийг мэдэхгүй байна гэдэг нь мэдэх боломжийг олгож өгөхгүй байна гэсэн үг. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлж стандартад нийцсэн, чанартай хэн бүхэнд ойлгомжтой мэдээлэл өгдөг тэмдэг тэмдэглэгээтэй болох чухал байна гэдгийг Нийслэлийн Засаг дарга онцоллоо.


Холбоотой мэдээ