Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилсны дараа тусгаарлагджээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-02-28 10:43:16

УЛААНБААТАР. /Prensa Latina/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлаад эх орондоо ирснийхээ дараа сайн дураараа 14 хоногийн хугацаагаар тусгаарлагджээ.   


БНХАУ-д “COVID-19” коронавирусний халдвар дэгдсэнээс хойш тус улсад айлчилсан анхны төрийн тэргүүн болсон Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзсан юм.


Хоёр орны удирдагчид вирусний тархалтыг зогсоох чиглэлд гаргах хамтын хүчин чармайлтын талаар санал бодлоо солилцож, Х.Баттулга Хятад улсад 30 мянган хонь хандивлахаа мэдэгдсэн байна.


Тэрбээр Монгол Улсад ирсэн даруйдаа дагалдан явсан төлөөлөгчдийнхөө хамтаар урьдчилан сэргийлэх тусгаарлалтад оржээ.


Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улс Хятадын Ухань хотод дэгдсэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр улсын хилийн дагуу байрладаг нэвтрэх цэгүүдээ хаасан юм.


Мөн энэ долоо хоногт Монгол Улсын Засгийн газар Япон, БНСУ, Италид зорчсон гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх юм уу 14 хоног тусгаарлахаар болсон юм.


Одоогийн байдлаар Монгол Улсад уушгины хатгалгаа үүсгэдэг коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.


Хятад улсад 81200 гаруй хүн коронавирусээр халдварлаж, 2700 гаруй хүн нас барсны дийлэнх нь эх газрын Хятадад бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ