Визний хугацаа хэтэрсэн иргэд ЭСЯ-ны консулд хандана

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-02-28 13:34:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Японы хооронд өнөөдрөөс эхлэн нислэг үйлдэхгүй боллоо. Мөн БНСУ руу хийх нислэгийг үүний өмнө зогсоосон. Үүнтэй холбоотойгоор тэдгээр улсад зорчсон, түр хугацаанд оршин сууж буй монгол иргэдийн визийг яах вэ гэсэн талаар хөндөгдөж байгаа юм. 

Энэ талаар манай улсын ГХЯ БНСУ, Япон улсын ГХЯ болон Монгол Улсад суугаа дээрх улсуудын ЭСЯ-тай хамтран ажиллах талаар уулзаж ярилцаж байна гэж мэдээллээ. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, "Нислэг хязгаарлаж байгаатай холбогдуулан, мөн олон улсад нөхцөл байдал хүнд байгаа тул манай улсаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хүндэтгэн үзэхээ талууд илэрхийлж байгаа. 

Тухайн улсуудад суралцаж байгаа визний хугацаа хэтрэх магадлалтай болсон иргэдийн визний асуудлыг уян хатан шийдвэрлэхээ илэрхийлсэн" гэж мэдэгдлээ.


Тухайлбал, БНСУ болон Японд байгаа оюутнууд суралцаж байгаагаагаа батлах бичиг гаргаж өгөх хэрэгтэй юм. Аялал жуулчлалын визээр яваад хугацаа хэтэрч байгаа хүмүүс тухайн улсад суугаа манай улсын ЭСЯ-ныхаа Консулын хэлтэст хандана. Нислэгүүдийг 14 хоногоор хязгаарлаж байгаа тул уян хатан авч үзэхээ БНСУ, Японы тал илэрхийлж байгаа" гэдгийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн УОК-ын хуралдааны үеэр мэдээлсэн юм.

Тодруулга: Улсын онцгой комиссын энэ сарын 26-ны хуралдаанаар Монгол Улс, БНСУ хооронд зогсоогоод байгаа нислэгийг 3 дугаар сарын 11-нийг хүртэл мөн үйлдэхгүй байхаар сунгаж, Япон улс руу хийх нислэгийг энэ сарын 28-наас мөн 3 дугаар сарын 11-нийг дуустал түр зогсоохоор болсон юм. Мөн БНСУ-аас ирж байгаа зорчигчдыг 3 дугаар сарын 30 хүртэл нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. 

Б.Болд


Холбоотой мэдээ