Хяналтын пост дээр тээврийн хэрэгслийн дараалал үүсчээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-28 16:42:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант сум руу орох, гарах хяналтын постууд дээр тээврийн хэрэгслийн дараалал үүссэн байна.

"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлж, улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу хөдөө орон нутагт автомашины орох, гарах хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд түр хориглосон

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд ажиллаж байсан байнгын 4 хяналтын пост дээр дахин 2 постыг нэмж, цагдаа, онцгой байдлын газрын алба хаагчид нэмэлтээр үүрэг гүйцэтгэж байна.

Энэ сарын 27-ны өдрийн байдлаар Жаргалант сумын байнгын хяналтын постоор нэвтрэхээр тээврийн хэрэгслийн жолооч нар дараалал үүсгэн зогссон байна.

Мөн зарим хяналтын пост дээр иргэд хулгайн замаар нэвтрэх, зугтах, дайрах зэрэг үйлдэл гаргаж байгаа нь үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажлын ачааллыг нэмэгдүүлж, хүндрэл учруулж байгааг албаны эх сурвалжууд ярьж байна.

Тиймээс иргэдэд тавьсан шаардлагыг хүлээн авч, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг даган мөрдөж, бодитоор хэрэгжүүлэхийг мэргэжлийн байгууллагууд уриаллаа.  

Хяналтын постоор зөвхөн хүндэтгэх шалтгааны улмаас буюу эмнэлгийн яаралтай тусламж, албан томилолт /ажлын зайлшгүй шаардлага/, ар гэрийн гачигдлын улмаас нэн яаралтай хот, сумаас гарах шаардлагатай болсон иргэд холбогдох баримт бичиг бүрдүүлэн аймаг, сумдын шуурхай штабаас нэвтрэх зөвшөөрлийн хуудас авна. Бусад тохиодолд иргэдийг нэвтрүүлэхгүй болохыг Ховд аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулав.   

Холбоотой мэдээ