Алба хаагчдад сэтгэлийн дэмжлэг үзүүлжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-28 19:41:13

Ховд /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосонтой холбогдуулан орон нутагт авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан.

Тэгвэл Ховд аймгийн Жаргалант сумын 6 хяналтын постод цагдаа, онцгой байдлын газрын алба хаагчид 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байна.

Эдгээр байгууллагын алба хаагчдыг дэмжих зорилгоор Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 6 ажлын хэсэг байгуулсан. Улмаар хяналтын пост дээр үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудад зориулан цай, аарц, чацаргана, хоол хийж, амны хаалт, витамин, гар ариутгалын бодис зэрэг бүтээгдэхүүний хамт хүлээлгэн өгчээ.  

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын үед үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад зориулан “Давшилт мөрөн” хоршооны хамт олон 200 ширхэг амны хаалт, дархлаа дэмжих үйлчилгээтэй бэлдмэл гардуулан өгсөн аж.

Түүнчлэн дотоодын цэргийн тусгай салбарын хамт олон, гэр бүлийн гишүүд болон Ховдын зарим залуучууд хяналтын постуудад 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдыг халуун хоол, цайгаар дайлж сэтгэлийн дэм үзүүлсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Холбоотой мэдээ