Бага насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг багасгах захирамж гаргалаа

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-02-29 12:13:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамж гаргалаа.

Тус захирамжид зааснаар 3 дугаар сарын 30-ныг хүртэл Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнуудаас 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд болон мөн насны хүүхэдтэй  ганц бие эцгүүдийн өдөр тутмын ажлын цагаас 1 цагийг хорогдуулах, тус захирамжид хамаарах ажилтны албан үүргийн зохицуулалтыг зохион байгуулж, байгууллагын хэвийн ажиллагааг хангах, тухайн ажилтны цалин хөлсийг бүтэн ажилласанд тооцож олгохыг нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудад зөвшөөрөн ажиллахыг үүрэг болгосон байна.

Ингэснээр бага насны хүүхэдтэй эхчүүд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио дуусах өдөр буюу 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажил тарах цагаас нэг цагийн өмнө гэртээ харих, ар гэр, үр хүүхэддээ илүү анхаарал хандуулах боломж бүрдэж байгаа юм.


Холбоотой мэдээ